Хятад Улс хүний гараар бүтсэн арал дээрх дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал барьж байна.
Одоогоор тус улсын зүүн хойд эрэгт баригдаж байгаа Далянь Жинжоу Бэй олон улсын нисэх онгоцны буудал нь дөрвөн хөөрөх зурвас, 900,000 хавтгай дөрвөлжин метр зорчигчийн терминал бүхий 20 хавтгай дөрвөлжин километр арлыг хамрах аж.
Баригдаж дууссаны дараа Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал болон Японы Кансай нисэх онгоцны буудлыг хоёуланг нь гүйцэж, хиймэл арал дээрх дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал болох юм.
Далянь нисэх онгоцны буудлын барилгын ерөнхий инженер Ли Шян орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төсөл нь геологийн нарийн нөхцөл, асар их сорилттой тулгарсан” гэжээ.
7.5 сая хүн амтай Далянь хот нь Япон, Өмнөд Солонгостой ойр оршдог тул тээврийн төв байсаар ирсэн. Бараг зуун жилийн турш үйл ажиллагаа явуулж буй Далянь Жоушуйзи нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа өргөтгөсөн байна.
Шинэ нисэх онгоцны буудал нь Хятадын агаарын тээврийн хөгжлийн гол хэсэг юм. Тус улс АНУ-ыг давж, дэлхийн хамгийн том агаарын тээврийн зах зээл болох замдаа явж байна. Бээжингийн хоёр дахь нисэх онгоцны буудал Дасин 2019 оны аравдугаар сарын 1-ний өдөр буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр нээлтээ хийсэн. Тухайн үед Хятадын албаныхан тус улс эрэлтээ хангахын тулд 2035 он гэхэд 450 нисэх онгоцны буудал шаардлагатай болно гэж мэдэгдэж байсан.