АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп Панамын сувгаар дамжин өнгөрөх үнэ ханшаа багасга, үгүй бол сувгийг АНУ-ын хяналтад буцааж өгөхийг Панам улсаас шаарджээ. Тэрээр Аризона мужид дэмжигчидтэйгээ хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ төв Америкийн Панам улсыг Америкийн ачаа тээврийн болон тэнгисийн цэргийн усан онгоцуудад шударга бус, “тэнгэрт хадсан” өндөр төлбөр тооцоо ногдуулж байна хэмээн буруутгаад, иймэрхүү луйврын үйл ажиллагааг нэн даруй зогсоох хэрэгтэй хэмээн хэлсэн байна.
Д.Трампын Панамын сувагтай холбогдуулан хэлсэн дээрх үгийн хариуд Панамын ерөнхийлөгч Хосе Раул Мулино “Панамын суваг болон түүний эргэн тойрны шоо дөрвөлжин метр бүр нь Панам улсад харьяалагддаг” хэмээн тодотгоод, Панам улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал нь аливаа яриа хэлэлцээний сэдэв болох учиргүй гэдгийг нэмж хэлжээ.
Д.Трамп үүний өмнө ч мөн Панамын сувгийн талаар ярихдаа тус сувгийг АНУ-ын “маш чухал үндэсний хөрөнгө” хэмээн тодорхойлж байсан бөгөөд АНУ-ын удирдагч өөр улсын газар нутгийг хяналтандаа авна хэмээн шаардаж байгаа ховор тохиолдлын нэг болоод зогсохгүй Трампын засаглалын үед АНУ-ын гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа ямар байдлаар явагдах дохио боллоо хэмээн хэвлэлүүд бичиж байна. 82 км урт үргэлжилдэг Панамын суваг нь Атлантын далайг Номхон далайтай холбодог, олон улсын эдийн засагт маш чухал ач холбогдолтой, далайн ачаа тээврийг хөнгөвчилдөг томоохон бүтээн байгуулалтуудын нэг юм. Уг сувгийг 1900-аад оны эхээр барьж байгуулж байсан ба 1977 он хүртэл АНУ-ын хяналтанд байсан тус сувгийг 1999 он хүртэл талууд хамтдаа эзэмшиж, 1999 оноос хойш Панам улс дангаараа сувгийг эзэмших болсон. Панамын сувгаар жилд дээд тал нь 14 мянган ачааны усан онгоцууд дамжин өнгөрдөг байна.