Утаа өтгөрч, харин утааны төсөв замхарсаар. Монголын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй утаагаар хэсэг хүн бизнес хийж, хөлжсөөр олон жилийг ардаа үдэв. Тэд ханаж, цадахаа мэдэхгүй юм. Утаа ард иргэдийн толгойны өвчин болсон бол эрх баригчдын ашиг олох хэрэгсэл болоод удаж.
Өнгөрсөн 10 гаруй жилд утааг бууруулахад нэг их наяд 500 тэрбум төгрөг зарцуулсныг аудитын байгууллага тогтоожээ. Сүүлийн 3 жилийн утааны төсвийг харахад ,
- 2021 онд 30 тэрбум,
- 2022 онд 32 тэрбум,
- 2023 онд 39 тэрбумыг зөвхөн улсын төсвөөс санхүүжүүлсэн байна. Ийнхүү бид арав гаруй жилийн хугацаанд утааг бууруулна гэж нэг их наяд 500 орчим тэрбум төгрөг зарцуулсан нь өдгөө ямар ч үр дүнгүй, Монгол Улс бохир агаараараа Дэлхийд тэргүүлж байна!
Зуух солиод, шийдэлд хүрч чадаагүй байж, дахин зуухны үлгэр ээ ярьж, тархи угаахаар оролдож байгаа нь эмгэнэл.
Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлж байгаа 60 мянган айл байна. Мөн 84.400 айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай. Сүүлийн үед гарсан угааржилтын шалтгаан эдгээр шаардлага хангаагүй зуухнаас болсон” хэмээн мэдэгдэж, 28 тэрбумаар 32 мянган өрхөд утаагүй зуух гэгчийг тараахаар болсон тухайгаа зарлав. Тус зуухыг худалдан авах тендер зарласан бөгөөд энэ сарын 28-нд тендер хаагдаж, шалгарсан компанийг танилцуулна.
Тэгвэл энэхүү ажил аль эртнээс төлөвлөгдсөн байсан гэх хардлага олны дунд бий. Өөрөөр хэлбэл 28 тэрбум төгрөгөөр зуух авч, утааг бууруулах биш, ашиг хонжоо харж буй хэлбэр хэмээн үзэж буй.
Энэхүү ажлын тендер зарлагдахтай зэрэгцэн “Нүүдэлчин” зуухны сурталчилгаа хавтгайрсан. Тэгвэл сошиалд нийтлэгдсэн “Нүүдэлчин” зуухыг 2023 онд Өмнөговь аймагт тараахдаа дараах сурталчилгааг хийж байсан ч бодитой ажил хэрэг болж, үр өгөөжөө өгөөгүй байна.
Монгол инженерүүдийн олон жилийн туршилт, судалгаанд үндэслэн зохион бүтээсэн, олон улсын оюуны өмчийн патенттай, Европын итгэмжлэгдсэн лабораторид туршиж баталгаажсан гэх “Нүүдэлчин” зуухыг агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Даланзадгад сумын галлагаатай айл өрхүүдэд 90 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ. Энэхүү зуухны онцлог нь,
-Тортог, угаарын хорт хийг 100% шатааж, утаагүй болгоно.
– 8-12 цаг дулаанаа тогтмол температурт хадгална.
-Бүх төрлийн түлшинд тохиромжтой бөгөөд түлшний зарцуулалт 30%-40% буурна.
-Яндан хөөлөхгүй. Хөө нь доошоо унадаг.
-Энгийн болон бусад сайжруулсан зуухнаас 3 дахин бага түлш зарцуулдаг.
– Аргал, хөрзөн түлж болдог.
Гэтэл өнөөх “Нүүдэлчин” зуух нь өнөөдөр айл бүрийн гадаа зэвэрч, муудсан байдалтай хураалгаастай байгаа аж. Зуухыг авсан Өмнөговь аймгийн 10 гаруй иргэнтэй холбогдоход бүгд “Халахгүй болохоор нь гаргачихсан”, “Төмөрт тушаачихсан” гэх хариулт өгөв.
“Нүүдэлчин зуухыг хаявал үнийг нь 3 дахин нугалж төлүүлнэ” гэсэн болохоор хадгалж байна
Нэгэн иргэний яриаг хүргэе.
-Нүүдэлчин” зуухны яндангаас хар шингэн урсаж, утаа саагдаг. Халдаггүй юм байна лээ. Хаяж ч, хадгалж ч болохгүй, байж л байна. Тус зуухыг хаявал үнийг нь 3 дахин нугалж төлүүлнэ гэх зүйл хэлж, гэрчилгээ өгсөн. Тийм болохоор хаячхаж болохгүй байна. 850 мянган төгрөгийн үнэтэй зуух юм байна лээ. Бид 100 мянган төгрөг төлж авсан юм. Ер нь бол заавал ав гэж шахсан. Бид чинь энгийн зуухаа ашиглаад болоод байсан.
2000 гаруй өрхөд тараасан гэх “Нүүдэлчин” зуухыг авсан өмнөговьчууд үгээ хэлсэн бололтой. Халахгүй, эсвэл шаталт хурдан явагдаж, дулаанаа барьдаггүй, утаа саагдаг гэх тэдний сэтгэгдэл 28 тэрбумаар зуух авна гэх шийдвэртэй зэрэгцэн хөвөрсөн юм.
Тэгвэл энэ удаад 28 тэрбумаар “Нүүдэлчин” зуухыг нийслэлчүүдэд нийлүүлэх нь.
Өмнөговь аймагт 2023 онд “Экоресурс” компани тендерт шалгарч, “Нүүдэлчин” зуухыг 2.5 тэрбумаар нийлүүлсэн байдаг. Тэгвэл “Экоресурс” нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын хамаарал бүхий компани юм. Ч.Чинбатыг нүүрсний магнат гэлцдэг. Тэр “Өсөх зоос”, “Ундрах говь”, “Баялаг-Энержи ресурс”, “Монзол” тэргүүтэй нүүрсний компанитай. Харин утаагүй зуухны тендерийг авсан “Экоресурс” компанийн эзэмшигчээр Палам овогтой Баярцог гэх эрхэм бүртгэлтэй байна.
Паламын Баярцог нь “Баялаг-Энержи ресурс”, “Өсөх зоос” компанийг Ч.Чинбаттай хамтран эзэмшдэг.
Ингээд харвал тэд бизнесийн хамтрагч. Бүр нарийн дурдвал, П.Баярцог гэгч нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяатай хадам, худ ургаар дамжсан нэгдмэл ашиг сонирхолтой этгээд. Тиймдээ ч С.Одонтуяа “Нүүдэлчин” зуухны сурталчилгааг хийж, магтсан хэрэг биз.
Ч.Чинбатын эзэмшил “Ундрах говь” компанийг БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэх эрхэм хамтран эзэмшдэг гэнэ. Тэгвэл тэд зуухны бизнест ч хамтрагч байхыг үгүйсгэхгүй. Ч.Чинбатын хамтрагч БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгч нь хувьдаа “Болдфоарда”, “Жунхаовэйеэ” ХХК-ийг эзэмшдэг. Энэ хоёр компани мөн л нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Жунхаовэйеэ” ХХК гэхэд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 816.6 га талбай бүхий MV-017007 дугаартай Хүрээдэл нүүрсний ордыг эзэмшдэг. Хэд хэдэн эх сурвалжийн хэлснээр “Нүүдэлчин” зуухыг УИХ-ын гишүүн Ундрамын аав Ч.Чинбат БНХАУ-аас имтортолдог байж болзошгүй гэх яриа бий.
Энэ удаад 28 тэрбумаар авахаар зорьж буй зуухыг Хятадаас оруулж ирнэ гэх хардлага төрүүлж буй. Монгол инженерийн бүтээл гэх “Нүүдэлчин” зуухны патентыг Хятадад худалдсан байх гэх яриа зуухны бизнес эрхлэгчдийн дунд байна.
Улаанбаатар хотод нийт 6 жилд 160 гаруй тэрбум төгрөгөөр 140 мянган зуух тараажээ. Утаанаас болж, амьсгалын замын өвчинд дарагдаж, эмнэлэгт хүүхдүүд газраар хэвтэн, амь тэмцэж байхад манай дээдсүүд бүлэглэл үүсгэж, утаа бууруулах нэрийдлээр мөнгө олж, хөлжиж байвал яах уу? Тэдэнд асуудал дагасан ашиг хонжоо чухал байсаар ирсэн. Цаашид ч ийм байсаар байх нь тодорхой.