Израил улс Йемен дэх хутичуудын зэвсгийн объектуудад цохилт өгсний улмаас 6 хүн амь үрэгджээ


Пүрэв гаригт Израилын агаарын зэвсэгт хүчин Йемен дэх хути босогчдын бүлэглэлийн зэвсгийн объектуудад агаараас цохилт өгсний улмаас 6 хүн амь үрэгдэж, 40 хүн шархдаж, бэртэж гэмтсэн байна.

Израилын ерөнхий сайд Б.Нетаньяху мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ Израил улс Ираны төлөөлөгч болох хутичуудыг устгахаар шийдэж, дээрх цохилтыг үзүүлсэн бөгөөд зорилгодоо хүрэх хүртэл бууж өгөхгүй, Йемен дэх хути бүлэглэлийн эсрэг хийх Израилийн дайралт дөнгөж эхэлж байгаа гэдгийг тодотгожээ.

Израилын Батлан ​​хамгаалахын сайд И.Катц мөн мэдэгдэл хийж, “Израил улсад хор хөнөөл учруулсан хэн ч байсан Израилын хариу цохилтод өртөх болно, Израил улс бусад газарт хийсэн шигээ хути зэвсэгт бүлэглэлийн бүх удирдагчдыг хөнөөн устгах болно, Израилд заналхийлж буй аюулыг арилгахын тулд хутичуудын эсрэг довтлох болно” гэжээ.

Харин Йемений нийслэл Санаа хотын олон улсын нисэх онгоцны буудал, Хезяз, Рас Канатиб дах цахилгаан станцууд, Ходейда, Салиф, Рас Канатибын боомтууд зэрэг Йемен улсын дэд бүтцүүдэд агаараас цохилт өгсөн Израилын түрэмгийллийг Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаэй буруушаасан мэдэгдлийг хийсэн байна.

Түүнчлэн Йемений хути бүлэглэлийн зүгээс Израилын хотууд руу хариу довтолгоог үзүүлэх болно гэдгээ мэдэгджээ. Израилын агаарын цохилтын улмаас нийслэл Санаа хотын олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагын төв болон иргэний нисэхийн навигацийн тоног төхөөрөмжүүд эвдэрч, сүйдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлээд байна.

Мөн Израилын агаарын цохилтын үеэр тухайн нисэх онгоцны буудалд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус тэргүүтэй албаны багийнхан байсан бөгөөд азаар амьд үлдэж, ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй байна. Гэхдээ Израилын агаарын цохилтын улмаас ДЭМБ-ын ажлын багийнхны нислэг хойшлоход хүрсэн байна.


One response to “Израил улс Йемен дэх хутичуудын зэвсгийн объектуудад цохилт өгсний улмаас 6 хүн амь үрэгджээ”

  1. Hohi niee.irani gar hul bolj bnga Israelruu puujin harvaad lav suuliin 7honog shunu untuulahgui bgaen.hurteh yostoigoo hurtej hutichuud🤢

Leave a Reply to Nergui Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *