Онгоцны ослоос хоёр хүн амьд үлджээ


Өмнөд Солонгосын баруун өмнөд хэсгийн Муан нисэх онгоцны буудалд Чежү Эйр компанийн онгоц газардах үедээ дэлбэрч осолдсон харамсалтай хэрэг явдал болсон байна.Чежү Эйр компанийн Тайландын нийслэл Бангкокоос Өмнөд Солонгосыг зорьсон 7C2216 нислэгийн тус онгоцонд нийт 175 зорчигч, хөлгийн багийн 6 гишүүн зорчиж явсан бөгөөд анх 28 хүн, удалгүй 62 хүн амиа алдсан талаар мэдээлж байсан бол Ёнхап агентлагийн дамжуулсан хамгийн сүүлийн мэдээгээр аврагчдын аварсан 2 хүнээс бусад нь бүгд амь үрэгдсэн байна.

Нийт 175 зорчигчийн 173 нь Өмнөд Солонгос, 2 нь Тайланд улсын иргэн байжээ.

Осол БНСУ-ын нийслэл Сөүл хотоос 290 км-ийн зайд орших Муаны олон улсын нисэх онгоцны буудалд, орон нутгийн цагаар ням гарагийн өглөөний 9:07 цагт болсон байна.Урьдчилсан байдлаар онгоцны ослын шалтгааныг тус онгоцны газардах төхөөрөмж рүү шувуу орсноос болж ажиллагааг нь гацаасны улмаас осолдсон гэж таамаглаж байна. Дэлбэрч шатсан онгоцны галыг 43 минутын дараа бүрэн унтраасан ба 80 орчим гал сөнөөгч оролцжээ.Чежү Эйр компанийн зүгээс “осолтой холбогдуулан авч болох бүхий л арга хэмжээг авах болно, яг одоо бид ослын гол шалтгааныг тогтоохоор ажиллаж байна, манай компани 15 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа нэг ч осол гаргаж байгаагүй туршлагатай” хэмээн мэдэгджээ.Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Сок мөн Муан хотын онгоцны осолтой холбогдуулан холбогдох байгууллагуудыг бүх хүчээ дайчлан ажиллахыг үүрэгдсэн байна.


3 responses to “Онгоцны ослоос хоёр хүн амьд үлджээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *