Гүржийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намтай эвссэн шинэ Ерөнхийлөгч М.Кавелашвили ням гарагт тангараг өргөв. Түүнийг эсэргүүцсэн олон мянган иргэн нийслэл Тбилиси хотноо энэ үеэр жагсаж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Төрийн тэргүүн С.Зурабишвили албан тушаалаасаа буухаас татгалзсан байна.
Өмнө нь хөлбөмбөгчин байсан улстөрч Михейл Кавелашвилигийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг парламентын ордонд хаалттай зохион байгуулсан байна. Энэ үйл ажиллагаанд түүний гэр бүлийн гишүүд, Ерөнхий сайд Ираклий Кобахидзе оролцжээ. М.Кавелашвили тангараг өргөснийхөө дараагаар хэлсэн үгэндээ Гүржийн уламжлал, үнэт зүйл, үндэсний ондоошил, гэр бүлийн бүрэн бүтэн байдал болон итгэл найдварыг дээдэлж, хүндэтгэдгээ онцолсон байна.
Гэвч бүрэн эрхийн хугацаа нь ням гарагт дуусгавар болсон Төрийн тэргүүн Саломе Зурабишвили албан тушаалаа өгч, буухаасаа татгалзан, өөрийгөө “Цорын ганц хууль ёсны Төрийн тэргүүн” хэмээн мэдэгджээ. Тэрээр жагсагч олны өмнө хэлсэн үгэндээ ” Би Ерөнхийлөгчийн ордныг орхиж явна. Гэхдээ М.Кавелашвили хууль ёсны дагуу сонгогдсон Ерөнхийлөгч биш” хэмээн хэлжээ.
М.Кавелашвили эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын гишүүдээс бүрдсэн парламентын санал хураалтаар Төрийн тэргүүнээр сонгогдсон бөгөөд тэрээр цорын ганц нэр дэвшигч байсан юм. Гүрж улсын сөрөг хүчний гол 4 нам М.Кавелашвилиг хууль ёсны Төрийн тэргүүн биш хэмээн үзэж, түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах явдлыг эсэргүүцэж, парламентад бойкотлосоор байгаа билээ.
Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам сүүлийн жилүүдэд илт авторитар хэв маягтай болж, хэвлэл мэдээлэл болон ТББ-ууд, ЛГБТ+ хүрээллийн эсрэг, тэдний эрхийг боомилж хаасан ОХУ-тай ижил хууль тогтоомж батлах болсон байна. Украинд халдан довтолсон явдалтай холбогдуулан Барууны орнуудын Оросын эсрэг тавьсан хоригт нэгдэхээс татгалзаж, улмаар Гүрж улсын ЕХ болон НАТО-д элсэх зорилгыг тоглоом шоглоом болгож эхэлсэн байдаг. Хэдийгээр тус улсын иргэдийн дийлэнх хувь нь ЕХ-нд гишүүнээр элсэх явдлыг дэмжиж байсан боловч өнгөрсөн 11 дүгээр сард эрх баригч нам энэ асуудлаарх яриа хэлэлцээг 2028 он хүртэл явуулахгүй хэмээн мэдэгдсэн. Үүний дараа ЕХ тус улсын гишүүнчлэлийн асуудлыг түр зогсоож байгаагаа мэдэгдсэн юм.
Үүнээс үүдэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал, цуглаан олон өдөр үргэлжилж, иргэд цагдаа нарын хооронд удаа дараа мөргөлдөөн гарсан билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогч иргэд Гүрж болон ЕХ-ны туг далбааг намируулж, гар гараасаа сугадалцан, олон км үргэлжилсэн гинжин хэлхээ үүсгэсэн байна.
АНУ өнгөрсөн долоо хоногт Гүржийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намыг үүсгэн байгуулагч, тус улсын Ерөнхий сайд асан, тэрбумтан Бидзина Иванишвилигийн эсрэг хориг тавих арга хэмжээ авчээ.
One response to “Гүржийн шинэ Төрийн тэргүүн тангараг өргөж, одоогийн Ерөнхийлөгч буухаасаа татгалзав”
Болимоороо. Гүрж улсаар барууныхан тоглохоо болиочээ