Хоёр он солигдох, хосгүй сайхан баярын нэг бол Шинэ жил. Монголчууд бид баярт дуртай. Хамгийн азтай нь бид баяр болгоноор амардаг. Тэгвэл он солигдохын өмнөх өдөр буюу 12-р сарын 31 бол ажлын өдөр боловч хүмүүс амралтын горимд шилжчихдэг. Цагаан сараар бол битүүн. Бид баяраас баярын хооронд аж төрж, баярт их анхаардаг нь үүнээс тод харагдаж буй.
Энэ өдөр төрийн ч, төрийн бус байгууллагуудын алингаар нь ч орсон цоожтой хаалга мөргөх, хоосон ширээ харах, “Ажилдаа ирээгүй” гэх тайлбар сонсох нь олон. Хэн нэгэнтэй ажил яривал “Оны дараа…” гэх хоёрхон үгээр хойш тавина. Байгууллага, хамт олон өмнөх жилийнхээ ажлаа дүгнэж, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж, шинэ ажил төлөвлөдөг. Шинэ ажлаа шинэ онд эхлүүлэхийг хүсдэг ч юм шиг. Оны төгсгөлд ачаалал авахгүйгээр тархиа амраахыг хүсдэг ч байж мэднэ.
Тиймдээ ч 2024 ондоо амжаагүй уулзалт, хэлэлцээрийг амжуулах гээд сануулахад, “Оны дараа болцгооё” гэх нь ч бий. Тэр дундаа төрийн байгууллагуудыг зориод очиход, амралтын өдөр мэт мэдрэмж төрүүлдэг. Өдрийн хагас ажилласан эсвэл ажилдаа ирээгүй байдаг. Оны сүүлчийн өдөр хороо, эмнэлэг гээд төрийн байгууллага ажин түжин байдалд шилжих жишээний. Төрийн байгууллагуудаар үйлчлүүлэх хүн цөөрч, өмнө нь зогсоо зайгүй холхидог байсан хүмүүсийн хөл татардаг.
Харин зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр үйлчлүүлэгчдийн хөлд дарагдана.
Баяр бидний сэтгэлийг тогтворгүй болгодог
Ажлаа хиймээр байвч ар гэрийнхээ ажлыг амжуулчих юмсан гэх бодол… Ухаан санаа нэг л тогтож өгөхгүй, толгойд баярын ширээ засахаас эхлээд, олон зүйл эргэлдэнэ. Ажлын мөртлөө амралтынх юм шиг мэдрэмж бүр залхуу хүргэнэ. Яагаад тэгдэг юм бол?
Аливаа баяр хүний сэтгэлд эерэг болон сөрөг нөлөө үүсгэдэг тухай сэтгэлзүйч нар ярьжээ. Тэр дундаа Шинэ жилийн баяраар хүмүүс өмнөх оны ажлаа дүгнэж, үндсэндээ амралтын горимд шилжин, хэн нэгэнтэй ажлын талаар ярихыг хүсдэггүй гэнэ. Зарим хүнд Шинэ жилийн баяр бол бэлэг сонгох, гоёлын хувцас сонгох, ширээ засахаас эхлээд, албан ажлаас огт өөр зүйлийг өөрийн эрхгүй бодогдуулан, ажилд төвлөрч чадахгүй болгодгийг сэтгэлзүйч онцолжээ.
Бид нийтээр тэмдэглэх баяр буюу шинэ оны эхний өдөр, 1 дүгээр сарын 1-нд бүх нийтээрээ амардаг. Энэ бол хуулийн дагуух амралт. Гэвч 12 дугаар сарын 31-ний өдрийг ч бүх нийтийн амралтын өдөр шиг өнгөрүүлдэг.
Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 4-р зүйлд бүх нийтээр амрах баярыг зааж өгчээ. Үүнд:
4.1.1. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11-13
4.1.2. Бүгд найрамдах улс тунхагласны баяр: 11 дүгээр сарын 26
4.1.3. Шинэ жил: 1 дүгээр сарын 1
4.1.4. Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын 1, 2
4.1.5. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
Үндсэндээ энэ 5 том баяр, 15 тэмдэглэлт өдрийг хуульчилжээ.
Үүнээс бусад өдөрт бид ажиллах зохицуулалттай. Гэвч бид баярт ихээхэн ач холбогдол өгдөг учраас ажлын өдрийг амралтынх мэт болгож чаддаг ард түмэн бололтой. Ингэж байхаар бүгдээрээ 12 дугаар сарын 31-нд албан ёсоор амарчихвал яасан юм бэ?