Шинэ жилийн шөнө буюу 2024 оны 12 дугаар сарын 31-нээс 2025 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Монгол орны хамгийн хүйтэн цэг нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум байлаа. Энд 27.1 хэм хүйтэн хонов.
Тэгвэл хамгийн дулаан хоносон цэг нь Өмнөговь аймгийн Номгон сум байлаа. Тэнд 1 хэм хүйтэн хоносон тухай Ус, цаг уурын хүрээлэн мэдээллээ.
Тухайн шөнө Увс болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр -37…-43 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28…-35 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг -22…-27 градус, говийн бүс нутаг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнодын тал нутгаар -8…-14 градус, бусад хэсгээр -16…-21 градус хүйтэн хонов.

Энэ үеэр салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0-2 мм цас орлоо. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Ховдын Булган, Жаргалантад 2 мм цас орсон байна.
Цаг уурын станц, харуулын мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0-23 см цасан бүрхүүлтэй байлаа. Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 23 см, Увсын Улаангом, Малчин, Хяргас, Баянхонгорын Жаргалант, Сэлэнгийн Бугант, Хүдэрт 14-15 см, бусад хэсгээр 0-13 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.