“Урт” нэртэй штаб өөр шахмал түлшний эрэлд гарчээ
Утаа өтгөрч, угаар ихсэж буйд иргэд шахмал түлшийг сэрдэж байгаа бол эрх баригчид харин иргэдийг буруутгаж байгаа. Асуудал байгаа бол буруутан байх учиртай. Тиймээс ч эрх баригчид ямар нэг буруутан хайгаад, эцэстээ шахмал түлшээ сольж үзэхээр шийдлээ. Одоогийн шахмал түлшнийхээ чанарт тэд ч эргэлзэж эхэлжээ. 6 жил гүрийгээд, үнэнд гүйцэгдэв.
“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр шахмал түлшний түүхий эдийг зайлшгүй солих шаардлагатай байгааг Ерөнхий сайдад сая хэллээ. Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар “Би маш олон зуух туршиж байгаа хүмүүстэй уулзсан. Энэ сайжруулсан түлш айлуудын хэрэглэж байгаа зуухтай уялдахгүй байна” гэж хүмүүс хэлж байна. Зуухан дахь хүчилтөрөгчийн хэмжээ бага байна гэж зарим хүн дурдаж байна лээ. Үүн дээр мэргэжлийн байгууллагуудаар дүн шинжилгээ гаргуулах тал дээр энэ хороо ажил зохион байгуулаасай” гэж УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2023.10.16-ны хурал дээр хэлжээ. Хүмүүс хэлээд, эрх баригчид сонсоод байсан атлаа итгээгүй ч юм уу, зориуд ч юм уу, монгол хүн дээр, Монголын нийслэлд мидлинг туршсаар иржээ.

“Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбатын тайлбарласнаар мидлингийг 5 мм хүртэл нунтаглаж, барьцалдуулагч холин хэвлэж, шахан хатаагаад шахмал түлш гэж нэрлэдэг. Угаасан нүүрснээс гардаг завсрын бүтээгдэхүүнийг мидлинг гэнэ. Манайх шиг мидлингээр шахмал түлш хийсэн улс одоогоор алга. Хүн дээр, нийслэлдээ мидлинг туршсан анхны улс нь Монгол болж таарав. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2023.10.16-ны хуралд “Улс орнууд агаарын бохирдлыг бууруулахын тулд хэд хэдэн арга хэмжээ, үе шатыг давсан юм байна. Бусад улс оронд бол мидлингээр хийсэн шахмал түлш хэрэглэсэн туршлага алга. Шууд хагас кокс руу шилжээд, дараа нь барилгажуулалт, гааз, цахилгаанаар халаах гэдэг аргаар утааныхаа асуудлыг шийдэж ирсэн байна” гэж танилцуулжээ.
Мидлингээр агаарын бохирдлоо алга болгодоггүй юм гэхэд, багасгасан анхны улс болохоор манай эрх баригчид 1.5 сая хүн дээрээ туршилт хийсэн ч хүссэн үр дүн нь гарсангүй. Эсрэгээрээ эргэв.
Стандарт сул байгаа учир шахмал түлш чанартай харагдаж байна
Энэ туршилтаа “Шахмал түлш стандартын шаардлага хангаж байгаа” гэх сайхан үгээр халхавчилсаар өнөөдрийг хүрэв. Шахмал түлшний 2019 онд баталсан стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөл 2022.08.14-нд шинэчлэн, “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг баталсан юм. Үүгээр бол 13-50 мм хэмжээтэй түлшийг сайжруулсан шахмал түлш гэж тооцдог болсон. 13 мм-ээс бага хэмжээтэй байвал ширэмний завсраар унаж, дутуу шатах тул үйрмэг гэж үзэж байгаа. Шахмал түлшний чийг 10% байхыг зөвшөөрдөг байсан бол 6% болгосон. Түлш чийгтэй байх тусам дутуу шатаж, нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий их ялгаруулдаг. Чийг багатай түлшнээс үнс ч бага ялгарна. Хуучин стандартаар түлшний 29% нь үнс болохыг зөвшөөрсөн бол шинэ стандартаар 27% болгосон юм.
Шинэ стандартын шаардлагад “Тавантолгой түлш”-ийн шахмал түлш бүрэн нийцэж байна гэж тус компани мэддэгддэг. “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн 2024.12.12-ны шинжилгээгээр тус компанийн үйлдвэрлэж буй шахмал түлш “Хатуу түлш. Техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартын шаардлагыг бүрэн хангаж байна гэж гарчээ. Стандартын шаардлага хангаж буй түлш яагаад утааг багасгахад бодит хувь нэмэр оруулж чадахгүй байна вэ гэдэг асуулт үүнээс гарч ирнэ. Стандарт сул байгаа учраас чанаргүй түлш нь сулхан стандартаа хангаад байгаа юм биш үү гэдэг асуулт надад байна.

Түлшний чанар муу, стандарт сул байгааг “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр өөрөө нотлох мэт “Үндсэн түүхий эдээс гадна барьцалдуулагчийн стандартыг шинээр батлуулж, техникийн шаардлагуудыг сайжруулна” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 1-р сарын 7-нд компани дээр нь очиход хэлсэн юм. Одоо үйлдвэрлэж буй шахмал түлшний түүхий эд мидлингийг солихгүйгээр айл өрхийн яндангаас гарах утааны агаарын чанарт үзүүлж буй нөлөөг бууруулах боломжгүй гэдгийг тус компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат онцолсон. Нэгэнт одоогийн түлш нь утаа багасгахгүй байгаа учир өөр түлшний эрэлд гарчээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н шахмал түлш ч стандартад нийцсэнгүй
“Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үндсэн түүхий эдийг “Энержи ресурс” нийлүүлдэг. Тус компанитай байгуулсан Засгийн Газрын гэрээ ч дуусаж байна. “Энержи ресурс” компанитай байгуулсан гэрээгээ сунгалгүй, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний ордын “0” давхаргын нүүрсийг угааж, хагас кокстой хольж баяжуулан, шахмал түлш үйлдвэрлэж, одоо түлж буй шахмал түлштэй харьцуулан судалжээ. Судалгааны хариу ч гарлаа.

“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний баяжмалаар хийсэн шахмал түлшний тоосонцор 33.7%, хүхрийн давхар исэл 63.7%-иар багассан бол илчлэг 22.9%-иар, чийглэг 14.1%-иар нэмэгдсэн байв. Энэ тухай Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх шуурхай штаб гэх дэндүү урт нэртэй хэсэг хүнд 1-р сарын 11-нд нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан гэх их урт тодотголтой орлогч А.Амартүвшин танилцуулав.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой”-н баяжмалаар хийсэн шахмал түлш ч стандартад нийцэхгүй, чийглэг нь 14.1%-иар нэмэгдсэн болох нь “Урт” нэртэй штабт Х.Нямбаатарын “Урт” тодотголтой орлогчийн танилцуулсан дүн харууллаа.
Туршилт үргэлжилнэ
Одоо болтол бид түлшийг түлштэй, зуухыг зуухтай харьцуулж ирэв. “Пийшин ямар ч түлшийг дутуу шатаадаг. “Хас”, “Өлзий”, “Голомт”… зуух түлшийг бүрэн шатаадаг. Төслийн зуух тавибал Улаанбаатар утаанаас ангижирна” гэж ухуулаад, асар үнэтэй зуухыг арай хямд үнээр хотын гэр хорооллын айлуудад шахсан. Утаа хэвээрээ л байв. Нүүрсийг шахмал түлштэй харьцуулаад, “Утаагүй, тортоггүй түлш түлүүлнэ” гээд 2019.05.15-наас Улаанбаатарт нүүрс түлэхийг У.Хүрэлсүхийн Засгийн Газар хориглож, шахмал түлш хүчээр шахсан. Утаа хэвээрээ л байна.

Эрчим хүчний яам, “Тавантолгой түлш” компани хагас коксоор шахмал түлш хийж, 2023 оны 4-р сард айлуудад 96 удаа түлж туршсан. Ажлын хэсэг хүртэл байгуулан, 2023 оны 2-р сард БНХАУ-ын Шанси мужид очиж, хагас коксын шахмал түлшний үйлдвэртэй танилцан, туршлага судалсан гэж байгаа. Тэндээс 80 тонн түүхий эд авчран, “Тавантолгой түлш”-ийн тоног төхөөрөмжөөр шахмал түлш хийхэд, манай мидлингийн шахмал түлшнээс дэгдэмхий бодис 52%, хүхэр 40%, угаарын хий 10% бага, илчлэг илүү байсан гэнэ. Гэсэн ч үүнийгээ энэ жил айлуудад шахсангүй, туршаад өнгөрлөө. Мидлингээ солихоор сая туршиж үзлээ. Сайжрах төлөв алга.
Одоо “Эрдэнэс Тавантолгой”-н баяжмалаар хийсэн шахмал түлшээ турших нь уу, хөх нүүрс гэдэг хагас коксон түлш турших нь уу? Ямартай ч Монголын нийслэлд, 1.5 сая монгол хүн дээр хийх туршилт үргэлжилнэ. Тэр бол тодорхой.
One response to “Монгол хүн дээр хийсэн мидлингийн туршилт амжилтгүй болов ”
turshiltiin tuulai nar um bnlda