Увс аймгийн Нийтийн номын сан Улаангом сумын нийтийн эзэмшлийн талбайд “Та авч, өгч болно” уриан дор гудамжны номын сан 4-ийг байгуулаад байна. 2022 оноос хойш тус номын сангийн хамт олон жил бүрийн намрын Номын баяраар гудамжинд номын сан байгуулдаг болжээ. Хамгийн анх Б.Гиваан баатрын талбайн автобусны зогсоол дээр ийм номын сан байгуулсан бол дараа нь Ө.Бадрахын талбайд 2 номын сан, ноднингийн Номын баяраар байгууллагынхаа гаднах талбайд номын сан байгуулсан байна.
Уншигчид гудамжин дахь номын сангаас ном авч уншаад буцааж тавьдаг. Мөн өөрийнхөө худалдаж аваад, уншсан номоо аваачиж тавьдаг юм. Сүүлийн 3 жилд эдгээр гудамжны номын санд ойролцоогоор 7000 орчим ном цугларч, бүгдийг уншигчид гэртээ аваачиж уншаад, буцааж тавьсан байна.
Манай улсад Ховд, Эрдэнэт, Архангай гээд гудамжиндаа номын сантай аймаг, сум бий болж байна. Улаанбаатар хотод ч ийм номын сан бий.