Д.Трампын хоёр дах удаагийн тангараг өргөх ёслол


2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Д.Трампын тангараг өргөх ёслолын арга хэмжээ 1-р сарын 20-ны даваа гарагт буюу Улаанбаатарын цагаар 21-ний мягмар гарагийн 01:00 цагт болох гэж байна. Тэрээр энэ өдөр хоёр дах удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөж, 47 дах төрийн тэргүүн болох юм. Түүнтэй хамт дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Д Вэнс мөн дэд ерөнхийлөгчийн тангараг өргөж, шинэ засаг захиргааны үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байгааг зарлах болно. Ингээд энэ удаагийн тангараг өргөх ёслолын талаар Америкийн хэвлэлүүдийн онцолсон зарим мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Албан ёсны үйл ажиллагаа

Нэгдсэн улсын уг төрт ёсны ёслолын арга хэмжээ нь бууж, ирж буй төрийн тэргүүн нарын хооронд төрийн эрх мэдлийг шилжүүлэн өгөх томоохон арга хэмжээ бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр мөн урлаг соёлын тоглолт, баярын жагсаал болон албан ёсны зоог барих, үдэшлэг цэнгүүний арга хэмжээнүүд зохион байгуулагддаг уламжлалтай.

Д.Трамп уламжлал ёсоор библи дээр гараа тавьж, “Би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна” хэмээн хэлсний дараа албан ёсоор АНУ-ын 47 дах ерөнхийлөгч болж, албандаа орох учиртай.

Төлөвлөгөөний дагуу 1-р сарын 20-ны өдрийн өглөө Д.Трамп нийслэл Вашингтон хотын Гэгээн Жоны сүм дэх шашны арга хэмжээнд оролцож, дараагаар нь Цагаан ордонд цайны завсарлага авах бол Капитолын ордны баруун талд тусгайлан тайзан дээр урлаг соёлын тоглолт, ёслолын ажиллагааг нээж хүндэт зочид төлөөлөгчдийн үг хэлэх үйл ажиллагаа явагдах болно. Үүний дараа Д.Трамп, Ж.Д Вэнс нарын тангараг өргөх ёслол зохион байгуулагдаж, улмаар шинэ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар үг хэлж, ялангуяа Д.Трамп өөрийн засаг захиргааны 4 жилийн зорилго төлөвлөгөөг танилцуулна. Дараа нь Д.Трамп ерөнхийлөгчийн албан өрөөнд орж, чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах бол үргэлжлээд Конгрессын нэгдсэн хорооны зүгээс зохион байгуулах өдрийн зоог барих ёслолд оролцох болно. Энэ үеэр Капитолын ордноос Пеннсильванийн гудамжаар дамжин Цагаан ордон хүртэл үргэлжлэх баярын жагсаал зохион байгуулагдах юм. Тухайн өдрийн үдэш Д.Трамп Вашингтон хотноо зохиогдох гурван үдэшлэгийн арга хэмжээнд оролцож, үг хэлснээр түүний төрийн тэргүүний тангараг өргөж, албандаа орох өдөр өндөрлөх болно.

Хүндэт зочид, төлөөлөгчид

Д.Трампын тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Цагаан ордноос явж буй ерөнхийлөгч Ж.Байден, дэд ерөнхийлөгч К.Харрис нарын тэргүүлсэн засаг захиргааны төлөөлөгчдөөс гадна олон улсын төр засгийн тэргүүд, АНУ-ын экс ерөнхийлөгчид, дэлхийн тэргүүлэх тэрбумтнууд, томоохон компаниудын удирдах албан тушаалтнууд, урлаг соёлын одууд гээд олон хүндэт зочид, төлөөлөгчид оролцох болно.

Тэдгээрээс цухас танилцуулбал, БНХАУ-ын дэд дарга (дэд ерөнхийлөгч) Хань Жэн, Аргентины ерөнхийлөгч Хавьер Миллей, Италийн ерөнхий сайд Жиоржиа Мелони, Энэтхэгийн гадаад хэргийн сайд С.Жайшанкар, Австралийн гадаад хэргийн сайд Пенни Вонг, Японы гадаад хэргийн сайд Такеши Иваяа, АНУ-ын экс ерөнхийлөгч Б.Обама, Жорж В.Буш, Б.Клинтон нар, дэд ерөнхийлөгч асан Майк Пенс, дэлхийн тэргүүлэх тэрбумтнууд болох Элон Маск, Марк Цукерберг, Жефф Безос нар, Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк, Хятадын TikTok аппликейшны гүйцэтгэх захирал Шоу Чү, домогт боксчин Майк Тайсон, холимог тулааны од Хорхе Масвидал, Америк хөл бөмбөгчин Антонио Браун, хоккейчин Эвандер Кэйн, дуучин Ануэл AA, Жастин Куайлс, Род Вэйв, Кодак Блэк, Фивио Форейн, АНУ-ын Конгрессын гишүүд зэрэг олон алдартнууд оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бол мөн Капитолын ордны ойролцоо Трампын тангараг өргөх ёслолыг үзэх тусгай тасалбарыг 250 мянга орчим хүн аваад байгаа гэсэн мэдээлэл гарчээ.

Урлаг соёлын тоглолт, шууд дамжуулалт

Тангараг өргөх ёслолын үеэр мөн урлаг соёлын тоглолт зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд Д.Трампын хоёр дах удаагийн тангараг өргөх ёслолын үеэр дараах хамтлаг, уран бүтээлчид ая дуугаа өргөхөөр болсон байна. Үүнд:

The Village People болон Rascal Flatts хамтлаг, кантри дуучин Кэрри Андервуд, Ли Гринвуд, Билли Рэй Сайрус, Жэйсон Алдин, Паркер Макколум, Гэвин ДеГроу, рок дуучин Кид Рок, дуурийн дуучин Кристофер Маччио болон Либерти их сургуулийн найрал дууны хамтлаг оролцохоор болжээ.  

Д.Трампын тангараг өргөх ёслолын арга хэмжээг Цагаан ордноос шууд дамжуулах болно. Түүнчлэн CNN, BBC зэрэг томоохон мэдээллийн агентлагууд телевизийн сувгаараа шууд дамжуулан үзүүлнэ.

Эцсийн мөчид хийсэн өөрчлөлт

Д.Трампын тангараг өргөх ёслолын арга хэмжээнд өөрчлөлт орж, уламжлал ёсоор гадна талбайд бус, дотор зохион байгуулагдахаар болоод байна.

Энэ нь нийсэл Вашингтон хотод хүйтэрч, хойд туйлын хүйтэн уур амьсгал ирж байгаатай холбоотойгоор хийсэн өөрчлөлт бөгөөд Трампын тангараг өргөх өдөр агаарын хэм цельсийн -6 градус байх талаар цаг уурчид анхааруулсантай холбогдуулан Д.Трамп ёслолын арга хэмжээг Капитолын ордон доторх Ротунда дугуй танхимд зохион байгуулах шийдвэрийг баасан гарагт гаргажээ.

Тэрээр энэ талаар өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд “Манай улсыг хойд туйлын хүйтэн уур амьсгал дайран өнгөрч байна. Би цугласан олныг ямар нэгэн байдлаар өвдөж, өвчин тусахыг хүсэхгүй байна” хэмээн бичжээ.

АНУ-ын түүхэнд өмнө нь ердөө ганцхан удаа тангараг өргөх ёслолын арга хэмжээ яг үүнтэй ижил хүйтэн цаг агаарын (цельсийн -14 градус) улмаас Капитолын ордны Ротунда танхимд зохион байгуулагдаж байсан нь 1985 онд Трампын ижил Бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгч Рональ Рейганы тангараг өргөх ёслолын арга хэмжээ байсан юм. Харин Д.Трампын тангараг өргөх ёслолын өдөр агаарын хэм цельсийн -6 градус хүйтэн байна гэдгийг АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас урьдчилан мэдээлээд байна.

Д.Трамп эхнэр Меланиа, бага хүү Барроны хамт АНУ-ын цэргийн C-32 загварын онгоцоор бямба гарагт Вашингтон хотноо хүрэлцэн ирээд байгаа юм. Тэгвэл мөн түүнийг нийслэл хотод ирэхтэй зэрэгцээд Вашингтон хотын төвд түүний тангараг өргөх ёслолыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал зохион байгуулагдаж эхлээд байгаа ажээ.

Таамаглагдаж буй ерөнхийлөгчийн зарлиг, тушаалууд

Д.Трамп тангараг өргөж, албан ёсоор АНУ-ын төрийн тэргүүн болсныхоо дараа хэд хэдэн чухал баримт бичиг, ерөнхийлөгчийн зарлиг тушаалуудад гарын үсэг зурах юм.

Түүний засаг захиргааны эхний зарлиг, тушаалуудын тоонд TikTok аппликейшны АНУ дах үйл ажиллагааг нь буцааж сэргээх, АНУ-д хууль бусаар амьдарч байгаа бүх цагаач, дүрвэгсдийг албадан гаргах, эхний ээлжинд гэмт хэргийн түүхтэй гадны иргэдийг яаралтай албадан гаргах ажлыг эхлүүлэх зэрэг багтаж байгаа талаар хэвлэлүүд бичээд байна.

Байден, Трампын ялгаа

Ирж, явж байгаа АНУ-ын хоёр төрийн тэргүүний хооронд нэг том ялгаа байгаа нь одоогоос дөрвөн жилийн өмнө Д.Трамп сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрөлгүй, өөрийн дэмжигчдийг үймээн самуунд турхирснаас гадна мөн тогтсон уламжлалыг зөрчиж Ж.Байдены тангараг өргөх ёслолд оролцож байгаагүй бол Ж.Байден болон түүний засаг захиргаа ардчилсан ёсыг дээдэлж, энхийн тайван замаар төрийн эрх мэдлийг Д.Трампын засаг захиргаанд шилжүүлэн өгч, Д.Трампыг Цагаан ордонд хүндэтгэлтэйгээр угтан авч, улмаар түүний тангараг өргөх ёслолд оролцохоор болоод байгаа билээ. Д.Трампын хувьд өмнө нь 2017-2021 оны хооронд АНУ-ын төрийн тэргүүнээр ажилласан бол энэ удаад 2029 он хүртэл ерөнхийлөгчийн албыг хаших болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *