АНУ-ын Зэрлэг хонины сангаас өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Невада мужийн Рено хотод аргаль хонийг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үзэсгэлэн зохион байгуулав. Энэ үеэр Монгол Улсын БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван, Монголын ан агнуурын холбооны тэргүүн, доктор Р.Самъяа нарын төлөөлөгчид АНУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Загас, зэрлэг амьтдын алба (U.S. Fish and Wildlife Service)-ны төлөөлөгчидтэй уулзаж, зэрлэг амьтдын хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Талууд зэрлэг амьтдыг хамгаалах хууль тогтоомжийг мөрдүүлэх, хууль бус худалдааг хянах, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарч ажиллахаар тохиролцож, Монгол Улсад хууль ёсоор агнасан аргаль (угалз)-ийн эвэрт тэмдэглэгээ хийх зорилгоор Аргаль хонь сан (WSF) болон Монголын Ан агнуурын холбоо (МААХ) хооронд санамж бичиг байгууллаа. Зэрлэг амьтдын хууль бус худалдаатай тэмцэх, CITES (Зэрлэг амьтдыг олон улсын худалдаанд хяналт тавих тухай конвенц)-ын хэрэгжилтийг хангахад АНУ-ын Загас, зэрлэг амьтдын алба Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр болжээ.
“Аргаль агнуур судлалын төв” ТББ-ын тэргүүн С.Амгаланбаатарын аргаль хонийг судлах, хамгааллын болон ашиглалтын менежментийг сайжруулахад гаргасан амжилтыг үнэлж АНУ-ын Зэрлэг хонины сан (Wild sheep Foundation) 2025 оныхоо “Шилдэг амжилтын төлөөх шагнал” (Outstanding achievement award)-аар шагнасан байна. Тэр аргаль хонины судалгааныхаа үр дүнгээр 60 гаруй эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл бичиж, олон улсын болон үндэснийхээ сэтгүүлүүдэд хэвлүүлсэн, уулын туруутан судлаач мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулжээ.
Аргаль хонь Монгол орноос гадна Дундад Ази, Төв Азийн орнуудаар тархсан байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол улсын нэгдэн орсон Нүүдлийн зүйлүүдийн конвенц (CMS)-оос улс орнуудын хооронд нүүдэллэдэг зүйлүүдийн талаар ихээхэн анхаарал хандуулах болсон юм. Монгол, Казахстан, Киргизстан зэрэг улсын аргаль хонь судлаачид энэ үеэр хамтран ажиллахаар тохиролцон, “Төв Азийн уулын туруутны биологчдын ажлын хэсэг” (Central Asian Working Group) байгуулахаар болжээ.




