Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд санхүү, менежмент, удирдлагын бүтцээс гадна хөрөнгө мөнгөө захиран зарцуулах, санхүүгийн тайлангийн тал дээр асуудалтай байдалд орж, хөлбөмбөгийн холбооны чадамж “Сэхээнд” орчхоод байна. Тиймээс сүүлийн үед эл асуудлаар хөлбөмбөгийн тамирчид, дасгалжуулагчдаас гадна холбооны Техникийн хэлтсээс шүгэл үлээж, санхүүгийн болон бусад асуудалд арга хэмжээ авч, хөлбөмбөгөө аврахыг уриалж эхэлсэн.
Монголын хөлбөмбөгийн холбоо Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA), Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC) болон Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбоо (EAFC)-ны гишүүн. Энэ ч утгаараа жил бүр Олон улс, Азийн хөлбөмбөгийн холбооноос санхүүжилт авдаг. Гишүүн холбоо болохынхоо хувьд Монголын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа дээрх хоёр холбоодын дүрэм, журмын дагуу явдаг. Гэвч хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа олон улсын дүрэм журмаараа явж байна уу гэдэг асуудал сөхөгдөөд байна.
Өнгөрсөн долоо хоногт МХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр холбооны санхүүгийн тайлангийн талаар дурдаж, нийт 3,8 тэрбумын өртэй байгаа талаар мэдээлсэн.
Угтаа хөлбөмбөгийн холбоо жил бүр Олон Улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооноос санхүүжилт авч үйл ажиллагаагаа явуулдаг. Тодруулбал FIFA-аас (Олон Улсын хөлбөмбөгийн холбоо) 1.25 сая ам доллар, AFC-аас (Азийн хөлбөмбөгийн холбоо) 500,000 сая ам доллар орж ирдэг. Өнгөрсөн 2024 онд холбооны нэг жилийн төсөв 10.6 тэрбум төгрөг байсан бөгөөд гурван том төслийг хэрэгжүүлсэн талаар Ерөнхий нарийн бичгийн дарга нь мэдээлсэн.
Харин өчигдөр МХХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус хурал Төв аймагт байрлах үндэсний шигшээ багийн бэлтгэлийн баазад боллоо. Энэ үеэр хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол дэд нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, Санхүүгийн албаны дарга С.Монголжингоо өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгчээ. Ийн хамгийн чухал хариуцлагатай албыг хашиж байсан хоёр эрхэм ажлаа өглөө. Тэд бол холбооны “ГАЛ ТОГОО”-г хариуцан ажиллаж байсан чухал хүмүүс юм.
Мөн хурлын үеэр нэгэн ноцтой үйл явдал болсон нь Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд шигшээ багийн бэлтгэлийн баазыг “Голомт” банканд 500 сая төгрөгөөр барьцаалснаа хүлээн зөвшөөрсөн. Дээр дурдсанчлан Монголын хөлбөмбөгийн холбоо Олон улсын хөлбөмбөгийн болон Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн холбоо болохынхоо хувьд тус хоёр холбооны дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэвч тэдний өгсөн санхүүжилтээр босгосон шигшээ багийн бэлтгэлийн баазыг барьцаанд тавьсан нь хууль зөрчсөн үйлдэл биш үү?



Олон улсаас санхүүжилт орж ирсэн ч төсөл нь хэрэгжээгүй, тэмцээний шагналын мөнгөө олгоогүй, ажилтнуудынхаа цалин мөнгийг хоцроосон, үйл ажиллагаа нь доголдсон хөлбөмбөгийн холбоог иргэд хүчтэй шүүмжилж байна.
Тэгвэл өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Т.Дагвадоржийн оронд М.Ганбаатар холбооны ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. М.Ганбаатар нь 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн бөгөөд “Шинэ эхлэл бүлгэм”- ийн тэргүүн. Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга байсан. 2004, 2008 онд Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдож байжээ.

Спортын сэтгүүлч, хөлбөмбөг тайлбарлагч Б.Батзаяа “Хөлбөмбөгийн холбоог ямар ч чадамжгүй хүмүүс удирдаж байна. Жил бүр санхүүжилт авдаг ганц холбоо байж тэмцээнийхээ шагналын мөнгийг өгч чадахгүй байна гэдэг онигоо л доо. 1998 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд элссэн. Ямар хөгжил байгаа юм бэ? Чансаагаараа 180-д л байна. Гаднаас санхүүжиж байгаа санхүүгийн тайланд аудит оруулмаар байна” хэмээн байр сууриа илэрхийлээд буй.
Харин ажлаасаа чөлөөлөгдсөн Т.Дагвадоржоос үүсээд буй нөхцөл байдал, санхүүгийн талаар тодруулахад “Жил бүрийн төсвийг төсвийн дутуугаар баталж ирсэн. Ингэж баталж ирсэн нь холбооны хэлтсийн бүтцүүдээс хамаардаг. Техникийн хэлтэс бол тухайн холбооны уураг, тархи болсон хэлтэс. Тэр хэлтсээс гаргаж байгаа хөтөлбөрүүд нь төсөв болж бүрдээд, удирдах зөвлөл, Их хурлаар орж танилцуулагдан батлагддаг. Төсөл батлагдаж байгаа нь хамтын шийдвэрүүд. Хэн нэгэн холбооны удирдлага дангаараа шийдвэр гаргаж байгаа хэрэг биш.
Зохион байгуулах ажлыг холбооны бүтэц хийдэг. Тухайн жилийн санхүүжилт олон улсаас нэг болон хоёр, гуравдугаар улиралд гүйцэтгэлээр орж ирдэг. Энэ хооронд төлөвлөсөн ажлаа гүйцээхийн тулд санхүүгийн хоцрогдолтой урагш ажлаа хангаж явдаг. Ингээд жилийн эцсээр санхүүгийн дутуу нь маркетингийн орлого, бусад эх үүсвэр болон олох орлого дээр гацаад тулдаг.
Нэгдүгээр лигийн шагналын сангууд бүрэн олгогдсон. Дутуу олгогдсон байгаа. Дээд лигийн хоёр клубийн шагналын сан дутуу байгаа. Санхүүгийн дутуу байдлаас болоод бүрэн олгож чадаагүй. Бусад тэмцээн, уралдаануудын шагналын сан олгогдоогүй байгаа, нөхөж олгоно. Нэг сардаа багтаан нөхөж олгож, санхүүгийн дутуу үлдэж байгаа ажил үйлчилгээгээ гүйцэтгэхээс гадна бусдаар гүйцэлдүүлсэн ажил үүргээ хаах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” хэмээн ярьсан билээ.
Гэвч асуудал сөхөгдөх газар авсан энэ үед үүрэгт ажлаасаа буусан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Түүнчлэн шагналын мөнгөө аваагүй клубүүд болон бусад клубүүдээс холбооноос зохион байгуулах тэмцээн, уралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.


Жил бүр хэдэн сая доллароор санхүүждэг тус холбоо “Сэхээн”-нд орчхоод байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбооноос жил бүр өгдөг санхүүжилт нь тухайн улсын хөлбөмбөгийн спортын хөгжилд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрт зарцуулагдах, эргээд санхүүгийн тайлангаа ирүүлэх, хянуулах дүрэм, журамтай байдаг билээ. Санхүүгийн тайлан, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болон үүсээд буй нөхцөл байдал, асуудалд МХБХ-оос ямар арга хэмжээ авахыг харахыг үлдэж байна.