“SG Hawks” өнгө төрхөө өөрчилж, бүрэлдэхүүнээ зузаатгасан ч лигийн аварга болж чадсангүй


Өчигдөр мөсөн ордон буюу “Степпе Арена”-д волейболын дээд лигийн хүрэл медалийн төлөөх тоглолтууд боллоо. Эмэгтэй хүрэл медалийн төлөө “Хилчин Уурхайчин” “Хөвсгөл Эрчим” багуудын хожлын цувралын харьцаа 1:1 болж дахин нэг тоглолтоор медалийн эзэд шийдэгдэхээр боллоо.

…..Ямартай ч финалд шалгарч, цаашлаад энэ жилийн лигийн “АВАРГА” баг гэгдэж байсан “SG Hawks” хүрэл медаль дээр буулаа.

Эрэгтэй хүрэл медалийн төлөө “Натур Бакс” “SG Hawks” өрсөлдөхөд “Шунхлай” групп, “Шанх Транс” компанийн “SG Hawks” баг эсрэг багаа ялж, 2024-2025 оны Үндэсний дээд лигийн хүрэл медалийн эзэд боллоо. Ингэснээр тус баг лигийн мөнгө, хүрэл медальтай болж байна.

“SG Hawks” баг нь бидний мэдэх хуучин “Шанх Транс” баг билээ. Тэд энэ жилийн лигт “Шунхлай” групптэй хамтран ажиллахаар болж, багийн брэнд, өнгө төрх, нэрээ бүрэн шинэчилж, илүү хүчтэй бүрэлдэхүүнээр хүч түрэн орж ирсэн билээ. Багийн ахлагч Б.Батсуурь, Солонгосын лигт тоглодог Ж.Энх-Эрдэнэ, мөн өдгөө БНСУ-д суралцаж байгаа М.Уранбаяр, туршлагатай мэдрэмжтэй холбон тоглогч О.Золбоо, нам хагасын байрлалд О.Чойжилсүрэн, Б.Гэрэлтцолмон нарын бүрэлдэхүүн дээрээ гаднаас шинэ легионер тамирчдыг нэмсэн.

Тодруулбал чөлөөт хамгаалагчийн байрлалд Пакистаны шигшээ багийн тоглогч, 2024 оны AVC Challange cup тэмцээний шилдэг либеро, 2017, 2018 оны клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Пакистан улсын хоёр дахь том хот болох Лахор хотын “Wapda” клубт харьяалагдан тоглож байсан “Насир Али болон голын хаагчийн байрлалд Куба улсын тамирчин 24 настай Tomas lescay Favier болон Киргизстаны тамирчин Онолбек Канибек Уулуу нарын шилдэг тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаатгасан. Үүнээс гадна ахлах дасгалжуулагчаар Энхтөрийн Энхтөгс, туслах дасгалжуулагчаар Батболдын Даринчулуунаас гадна Н.Баярсайхан нарын туршлагатай, чадвартай дасгалжуулагчид ажиллахаар болсон.

   Ийн хүч зузаатгаж, шинэ өнгө төрхтэй болсон тус баг лигийн эхнээс онцгойрч байсан. Учраа таарсан тоглолт бүртээ хожил байгуулж, дараалан 11 хожиж, лигийн хүснэгтийг тасархай тэргүүлж байсан билээ. Тэдний нэг ч хожигдоогүй хожлын цуврал хэзээ зогсох вэ? гэсэн асуултаас гадна энэ эрчээрээ лигийн алтан медаль, аваргын цом авна гэсэн бодол, таамаг ч үзэгч, хөгжөөн дэмжигчид, волейбол сонирхогчдын дунд байсан.

Гэвч хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтод тэд хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байсан лигийн иж бүрэн медальт буюу алт, мөнгө, хүрэл медальт “Хасу Мегастарс” багтай учраа таарч 3:2 харьцаагаар ялагдсан. Ингэснээр тус багийн нэг ч хожигдоогүй 11 дараалсан хожлын цуврал зогссон юм.

Гурван тойргийн тоглолтуудын ард “SG Hawks” “Хасу Мегастарс” багууд дээр, доороо орж, хагас шигшээ шатны сүүлийн тулаанаа хийсэн. Хагас шигшээ шатанд хэн нь нэгээр гарахаа шийдэх чухал, хариуцлагатай тоглолт “Степпе Арена”-г нураах нь дөхсөн.

Энэ тоглолтод “Hawks” “Хасу”-д хожигдсоноор ээлжит ялагдлаа хүлээж, хагас шигшээ шатанд хоёрдугаар байраар шалгарсан. Ингэснээр “Төв Миг”-тэй финалд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтуудаа хийхээр болсон билээ.

    Тэднийг нэгээр шалгарч, Натур Бакс-тай учраа таарна гэсэн таамаг үзэгчдийн дунд байсан төдийгүй өөрсдөө ч нэгээр гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан нь тоглолтоос тоглолтын хооронд ажиглагдсан. Гэвч таамаг эвдэгдэж, энэ жилийн лигт анх удаа өрсөлдөж буй “Төв Миг”-тэй тоглосон.

“Төв Миг” анхны удаа дээд лигт өрсөлдөж байгаа ч багийн бүрэлдэхүүн нь Hawks-аас дутахгүй. Олон жил лигт өрсөлдсөн туршлагатай талбайн жанжин М.Цэрэнбаатараар ахлуулсан, Б.Анхбаяр, Б.Наранбаяр, Г.Цэнд-Аюуш, З.Цэнд-Аюуш нарын шилдэг тоглогчид хүчтэй “Hawks”-тай хагас шигшээ шатны эхний тоглолтоо хийж шуугиан тарьсан.

Шуугиан тарихдаа бүр 3:0 харьцаагаар үзэгч, хөгжөөн дэмжигчдийнх нь хамт ялсан билээ. Ингэж амархан ялагдах баг биш гэдгээ харуулсан. Цувралын хоёр дахь тоглолтод “SG Hawks” ялж, хожлын харьцааг тэнцүүлсэн ч эцсийн шийдвэрлэх мөчид 3:2 оор хожигдож, аваргын төлөө өрсөлдөх боломжоо алдсан юм.

Шийдвэрлэх тоглолт үнэхээр гал гарсан, үзэгчдийг өндөлзүүлсэн тоглолт болсон. Энэ тоглолтод “SG Hawks” бүрэн ялах итгэлтэйгээр гарч ирсэн нь харагдсан. Тиймдээ ч холбон тоглогч О.Золбоогийн хувилбараар Б.Батсуурь, Онолбек, М.Уранбаяр нар довтолгоонуудаа амжилттай болгож нэг болон гуравдугаар ээлжийн тоглолтод хожсон. Гэвч 3 болон 4 ээлжийн тоглолтод “Төв Миг” хожсоноор 5 дахь ээлжийн тоглолтоор ялагч баг тодрох болсон билээ.

  Ингээд шийдвэрлэх ээлжийн тоглолтод “Hawks” эхнээсээ онооны тэргүүллийг авч, 8:2 харьцаагаар талбайгаа сольсон. Б.Батсуурийн дараалсан хүчтэй довтолгоо, хууралт оновчтой болж, ахлагчийн хувиар багаа аваргын төлөө өрсөлдөхөд хөтөлж, өөрсдийгөө яалт ч үгүй аваргын төлөө өрсөлдөх баг мөн гэдгийг ордонд цугларсан үзэгчдийн өмнө харуулж байв.

Бүтэн 7 оноогоор өрсөлдөгчөө тэргүүлж, тоглолтын хэмнэлээ удирдаж байсан “SG Hawks”-д энэ тоглолтод хожиход, аваргын өрсөлдөөнд ойртоход ердөө нэг оноо дутуу байсан ч бөмбөг бөөрөнхий гэдэгчлэн үр дүн тэдний таамагласан шиг дууссангүй. Олон оноогоор хожигдож явсан “Төв Миг”-ийн легионер тамирчдын дараалсан хаалт, Г.Цэнд-Аюушийн довтолгоо амжилттай болсноор тоог тэнцүүлэн, эцсийн мөчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид болох “SG Hawks-ыг 16:14 буулган авч, аваргын төлөө өрсөлдөхөөр болсон.

Угтаа “SG Hawks”-ын бүрэлдэхүүн, тамирчдын ур чадвар ямар ч багт хэцүү сорилт мэт байсан. Лигийн эхнээс гангарч, тэсэрч эхэлсэн тус баг “Хасу Мегастарс”-т дараалан хожигдсоны дараа хүндхэн сэтгэл зүйтэй тулгарсан нь харагдаж байсан. Нам хагасын байрлалд Томасын тоглолт нэг л болж өгөөгүй. Үүнээс гадна шийдвэрлэх чухал тоглолтод Ж.Энх-Эрдэнийг гараанд гаргалгүй, М.Уранбаярыг гаргасан. Оноо дөхсөн мөчид солилцоо оруулах гээд дасгалжуулагчийн тактик хожигдолд хүргэсэн шалтгаануудын нэг. Ямартай ч финалд шалгарч, цаашлаад энэ жилийн лигийн “АВАРГА” баг гэгдэж байсан “SG Hawks” хүрэл медаль дээр буулаа.

О.Золбоо, Б.Батсуурийн аваргын алтан медальтай болох зорилго нэг жилээр ухрав. Волейболын спорт бол цагтай уралддаггүй, гагцхүү шүгэл дуусах мөчид ялагч тодордог учир тэргүүлж, хожиж явсан ч сэтгэлзүйн байдлаа алдаж болохгүй, бардаж болохгүй, бүх анхаарлаа тоглолтдоо төвлөрүүлэх нь чухал юм.

Дараа жилийн наадам даанч хол байна даа гэдэгчлэн дараа жилийн лиг эхлэхэд хугацаа, боломж байна. Хэрхэн ашиглаж, ямар зорилгоор ирэхийг харах үлдлээ…

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *