Б.Ирмүүнзаяа: 7 гараг давхцаж, энерги ялгаруулан, хүсэл биелүүлнэ гэх мэдээлэл бүгд худал


“Огторгуйн 7 гараг нэг шугаманд давхцаж, хүсэл биелүүлнэ” гэх мэдээлэл цахим орчинд тархаж, нэлээд шуугиан тариад буй. Гараг эрхэс давхацвал хүчтэй энерги ялгаруулдаг уу? Энэ үед хүслээ шивнэвэл биелдэг үү? Үүнийг тодруулахаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Ирмүүнзаяатай уулзлаа.

2025.01.25-нд 7 гараг давхцаж, маш их энерги ялгарна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгж, хүмүүс энэ тухай ярьсаар байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү. Үнэхээр 7 гараг 1 шугамд давхацдаг уу?

-Гараг эрхсийн тохиол гэдэг нь Дэлхийгээс хүнд ажиглагдахыг хэлж байгаа юм. Хүмүүс 7 гаргийн давхцал гэж яриад байна. Давхцал бол биш. Энэ бол цуваа. Энэ цуваа яаж харагддаг вэ гэхээр тэнгэрийн нэг хаяанаас нөгөө хаяа руу шугам татаад, тэр шугамд л гаргууд харьяалагдаж, Дэлхийгээс ажиглагдаж байгаа. Түүнээс 7 гараг дараалан, нэг шугамд жагсаж байгаа юм байхгүй ээ. Тийм байх ч боломжгүй. Яагаад гэвэл 7 гараг тус бүр өөрийн гэсэн хөдөлгөөн, замтай. Өндөр, намаараа хүртэл ялгаатай.

Одоо хүмүүсийн яриад байгаа энэ үзэгдэл тогтмол бус ч гэсэн тодорхой хугацаанд болдог үзэгдэл. 2-3 гараг нэг шугамд харагдах үзэгдэл 3-5 жилд нэг удаа, 5-аас дээш гараг давхцах үзэгдэл 18-20 жилд тохиодог.

7 гаргийн 5 нь Дэлхий дээрээс хүний нүдэнд харагддаг. Энэ нь Наран талаасаа Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир юм. Эдгээрээс шөнийн турш харагдах гараг нь Ангараг, Бархасбадь. Эдгээр гараг өөрсдөө тэнхлэгээ тойрч эргэдэггүй. Манай Дэлхий эргэдэг учраас ингэж харагддаг.

1-р сарын 25-нд танай дуранд юу өртөв?

-“25-нд онцгой зүйл болно” гээд хэсэг шуугилаа. Тийм юм болоогүй. Өмнө нь харагддаг байсан зүйлүүд л харагдсан. Гараг эрхсийн хөдөлгөөн гэдэг чинь хүмүүсийн яриад байгаа шиг нэг цаг, нэг хоногийн дотор, нэг байрлалд ороод, хөдөлгөөн нь өөрчлөгдөөд, сарниад алга болчихдог тийм зүйл биш ээ. Бидэнд одоо харагдаж байгаа энэ цуваа жил бүрийн өдийд харагддаг зүйл шүү дээ.

Гаргууд нэг шугамд харагдах үед маш их хэмжээний энерги ялгарч, хүсэл биелүүлдэг гэнэ. Энэ үнэн үү?

Хүсэл биелүүлнэ, энерги цацруулна гэж хүмүүс яриад байна. Энэ бол худлаа гэдгийг албан ёсоор хэлье! Гаргууд хүсэл биелүүлдэг байсан бол би юу гэж энд ингээд сууж байх вэ дээ. Аль хэдийнэ захирал, эсвэл ерөнхийлөгч болчихсон байгаа байх. Үнэхээр хүсэл биелүүлдэг байсан бол шүү дээ /инээв/.
Би энэ мэргэжлийг эзэмшиж, 2013 оноос хойш 10 гаруй жил ажиллаж байна. Одоо хүртэл энэ мэргэжлийг эзэмших гэж оролдоод явж байна. За үнэхээр тэр гаргууд хүсэл биелүүлдэг байсан бол миний хүсэл биелчихсэн байгаа. Тэр гаргуудыг чинь би сар, жил болгон л дурангаар харж байна.

Манай монголчууд их гэнэн итгэмтгий хүмүүс шүү дээ. Иймэрхүү худал мэдээлэлд итгэж байгааг та юу гэж харж байна вэ?

-Мухар сүсэгтэйгээс гадна олон дагагчтай хүмүүсийн үгэнд шууд итгэж байна. Эдгээр хүн хандалт авахын төлөө ард иргэдийг мунхруулж байна. Миний бодлоор гараг хүсэл биелүүлдэг гэдэгт итгэж байгаа нь одон орны талаарх мэдлэг дутмаг байгаатай нь холбоотой.

Ядаж л Дэлхий яаж эргэдэг вэ? Бусад гараг яаж хөдөлдөг вэ гэдэг анхан шатны мэдлэггүй байна. Тэгэхээр шинжлэх ухаан талаас нь харж, судалж байх хэрэгтэй. Юүтүбээс энэ талаар хангалттай мэдээлэл олж авах боломжтой. Анхан шатны мэдлэгтэй байхад ийм мухар сүсэг, хандалт авах гэсэн хүмүүсийн худал ярианд хууртахгүй. Хандалт авахын төлөө хүмүүсийг ингэж мунхруулж, худал мэдээлэл тарааж байгаа нь гэмт хэрэг гэж би хувьдаа үзэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *