Японы Осака хот энэ онд болох “Дэлхийн экспо”-г угтан зочид гийчдийн ая тухтай байдлыг хангахын тулд нэгдүгээр сарын 27-оос эхлэн нийтийн гудамж талбайд тамхи татахыг хориглолоо.
“Экспо” нь бол дэлхийн өөр өөр улс оронд таван жил тутамд зохион байгуулагддаг үзэсгэлэн бөгөөд Осакад болох “Экспо-2025”-д дэлхийн 160 орчим улс орон, бүс нутаг оролцоно.
Өмнө нь төмөр замын Осака буудал орчмын зургаан бүсэд тамхи татахыг хориглоод байсан бол өнөөдрөөс хот даяар бүхэлд нь хориглож эхэлсэн бөгөөд уг хоригийг зөрчсөн хүмүүсийг 1000 иен буюу 6.40 ам.доллараар торгохоор болжээ.
Дөрөвдүгээр сараас эхлэн Осака мужид 30 хав.дөр.м-ээс том талбайтай суух хэсэг бүхий хоолны газруудад тамхи татахыг хориглох боловч тамхи татах өрөө гэх мэт тусгай газарт татахыг зөвшөөрөх юм. Одоогоор мөрдөгдөж буй хуулиудын дагуу 100 хав.дөр.м-ээс дээш талбай бүхий хоолны газартай байгууллагуудад тамхи татахыг хориглодог байна.
Нийслэл Токио хотын хувьд Олимпод бэлтгэх ажлын хүрээнд 2018 онд бүх зоогийн газарт тамхи татахыг хориглосон байдаг. Гэхдээ Токиогийн зарим дүүрэгт гадаа тамхи татахыг зөвшөөрсөн хэвээр буй. Японы төв болон орон нутгийн засаг захиргаад тамхины татвараас жилд нийтдээ хоёр их наяд иен буюу 13 тэрбум ам.долларын орлого олдог аж.