Монголын уран дархан Р.Баясгалан “Хүннү, Монгол эрдэнийн шатар” бүтээлээ Чингис хаан үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд үзэгчдэд үзүүлж байна. Р.Баясгалан 2003 оноос эхэлж, 20 жилийн хөдөлмөр шингээсэн энэ бүтээлээ Монголын эртний соёл, Хүннү гүрний үеийн дүрст тэмдэгтүүд, шүтээнүүдийг уран дархны нарийн хийц, орчин цагийн технологитой хослуулан урлажээ.
Шатрын хөлөг нь 61.3 кг жинтэй, 82 см урт дөрвөлжин, 30 см өндөр. Авдар нь 49.9 кг жинтэй, 64 см урт, 40 см өргөн, 45 см өндөр. Алт, мөнгө, байгалийн үнэт чулуу зэргээр бүтээсэн энэ шатрыг Хүннү гүрний түүх, эртний Луут хотын соёлын үнэт зүйлсийг Дэлхий дахинд таниулах томоохон бүтээл гэж үзэгчид үнэлж буй аж.
Уг шатрыг ирэх 3 дугаар сард Хонконгод дуудлага худалдаагаар зарна. Үүнээс өмнө энэ шатрыг тус музейд тавьж, 1 сарын хугацаанд монголчууддаа үзүүлж байна. Р.Баясгалан уг шатрыг урлахдаа шатар Монголоос гаралтайг Дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх зорилго битүүхэн өвөртөлжээ.
