Одоогоос 33 жилийн өмнө буюу 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монголын идэр өсөх 6 залуу арлын Японыг зорьсон гэдэг. Тэрхүү анхны 6 нь Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Ц.Батжаргал, Д.Батбаяр, Б.Энхбат, Н.Цэвэгням нар. Энэ бол Их Наран улсын, сүмогийн ертөнцөд монголчууд хөл тавьсан түүхийн эхлэл байлаа. Хүний нутгийн хэл, соёл, уламжлал, хатуу ширүүн бэлтгэл, дэг жаягтай монголчууд нүүр тулан танилцсан тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл манай улсаас хэдийнэ 6 аварга төрж, арлын сүмогийн дохёг эзэгнэж байна.
Монголоос төрсөн анхны ёкозүна, сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадоржийн нагац дүү болох Хоошёрюү С.Бямбасүрэн сүмогийн 74 дэх ёкозүна болж, өнөөдөр албан ёсоор цолоо хүлээн авлаа. Тэр Асашёорюү Дагвадорж, Хакүко Даваажаргал, Харумафүжи Бямбадорж, Какүрюү Ананд, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нарын мөрийг үргэлжлүүлэн, Монголоос төрсөн 6 дахь ёкозүна болж байна.
Өдгөө 25 настай Хоошёрюү Бямбасүрэн цолоо хүлээн авсны дараа “Сүмогийн ертөнцөд хөл тавьснаас хойш энэ миний мөрөөдөл байсан. Энэ аз жаргалтай мэдрэмжийг илэрхийлэх үг олдохгүй байна. Би ёкозүна цолыг гутаахгүйн тулд тууштай, хүчтэй зүтгэх болно” гэж хэмээв. Ийн Японы эзэн хааны цомын хошой аварга Сугаррагчаагийн Бямбасүрэн ирэх 3 дугаар сард болох хаврын тэмцээнд ёкозүна цолтой барилдана.
Тэрээр сүмогийн түүхэнд тэмдэглэгдэхээр чухал цаг үед 74 дэх их аварга болсон. Учир нь Тэрүнофүжи Ган-Эрдэнэ бэртэл гэмтлийн улмаас энэ спортоос зодог тайлснаас хойш сүмогийн ертөнц 32 жилийн дараа анх удаа ёкозүнагүй (Их аварга) болох эрсдэлээс тэр сэргийлсэн юм.
Хоошёрюү С.Бямбасүрэн 1999 оны 5 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн. 11 настайгаасаа чөлөөт, жүдо бөхөөр барилджээ. 2018 оны 1 дүгээр сараас сүмогийн дэвжээнд гарч, 2019 оны 11 дүгээр сард жюүрёо зиндаа, 2020 оны намрын тэмцээнд дээд зиндаанд дэвшин, улмаар 2024 оны Нагоя башёд түрүүлэн, озеки цолонд хүртсэн байдаг.
Тэрээр сүмогийн ертөнцөд хөл тавьснаасаа хойш 42 башёд барилдан, ёкозүна болов. Сүмогийн цаглавар мөрдөгдөж эхэлсэн 1958 оноос хойш хамгийн богино хугацаанд ёкозүна болсон сүмочдын 6 дугаарт Хоошёрюү орж байна. Түүний нагац ах Асашёорюү Дагвадорж 25 башёд барилдан, аварга болсон түүхтэй.
Монголоос төрсөн сүмогийн их аваргууд
- 68 дахь ёкозүна Асашёорюү 2003 онд цол хүртэж, 2010 онд зодог тайлсан
- 69 дэх ёкозүна Хакүхо 2007 онд цол хүртсэн
- 70 дахь ёкозүна Харүмафүжи 2012 онд цол хүртэж, 2017 онд зодог тайлсан
- 71 дэх ёкозүна Какүрюү 2014 онд цол хүртэж, 2021 онд зодог тайлсан
- 73 дахь ёкозүна Тэрүнофүжи 2021 онд цол хүртэж, 2025 онд зодог тайлсан
- 74 дэх ёкозүна Хоошёрюү 2025.01.29-ний өдөр цол хүртэв
Үүнээс харвал монгол хүн ёкозүна болдог гэсэн зүй тогтол хүртэл их сүмогийн ертөнцөд байсан. Энэ 6 их аваргын сүмог эзэгнэсэн он цагийн хооронд нэг удаа буюу Кисэносата 72 дахь ёкозүна болж, 19 жилийн дараа Японоос их аварга төрсөн юм. 2003-2025 он хүртэл 20 гаруй жилийн хугацаанд монголчууд Их Наран улсын үндэсний сүмогийн дохёг эзэгнэж байна.
Мэргэжлийн сүмод түрүүлсэн монгол бөхчүүдийн амжилт
- Хакүхо М.Даваажаргал (45)
- Асашёорюү Д.Дагвадорж (25)
- Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10)
- Харүмафүжи Д.Бямбадорж (9)
- Какүрюү М.Ананд (6)
- Тамаваши Б.Мөнх-Оргил (2)
- Киришима Б.Лхагвасүрэн (2)
- Хооёорюү С.Бямбасүрэн (2)
- Кекүтэнхо Н.Цэвэгням (1)
- Ичиножёо А.Ичинноров (1)
Монголчуудыг сүмод татан оруулсан, хөх Монголын хүч, сууг үзэгчдэд үзүүлэн омогшуулдаг байсан Асашоёорюү Дагвадоржоор эхэлсэн Монголын ноёрхол нуран унаагүй, үргэжлэх хувьтай. Монголчууд сүмогийн дэвжээнд хөл тавьсан 33 жилийн хугацаанд 68, 69, 70, 71, 73, 74 дэх их аварга төрөөд байна.