Волейбол дээд лиг: Аваргууд тодорч, шилдгүүд шалгарсан дээд лиг хөшгөө хаалаа


Монголын Волейболын Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирал гурван сарын хугацаанд үргэлжилж өчигдөр аваргууд, шилдгүүдээ тодруулан, хөшгөө хаалаа. Энэ жил эрэгтэй 6, эмэгтэй 9 баг Дээд лигийн аваргын төлөө өрсөлдсөн билээ. Ингээд та бүхэнд лигийн үр дүнг танилцуулъя.

Эрэгтэй багуудаас аваргын алтан медаль, цомыг ОУХМ А.Даваажаргал ахлагчтай, И Сон Гю дасгалжуулагчтай Хасу Мегастарс баг хүртэж, лигийн хошой аварга боллоо. Тэд 2019 оны Үндэсний дээд лигийн алтан медаль хүртсэнээс хойш ийн 5 жилийн дараа дахин аваргын цомоо өргөв. Үүнээс гадна энэ жилийн лигт Хасу Мегастарс баг хагас шигшээ болон шигшээ тоглолтод нэг ч хожигдолгүй 5 дараалан хожиж аварга болсон “Анхны баг” хэмээх лигийн түүхэн амжилтын эзэд боллоо. Тус багаас Олон Улсын хэмжээний мастер цолоор Б.Баярсайхан, М.Мөнхсайхан нар энгэрээ мялааж баяр дээрээ давхар баяр нэмлээ.

Мөнгөн медалийг ОУХМ М.Цэрэнбаатар ахлагчтай,  “Төв миг” баг хүртлээ. Тус баг нь шилдэг тамирчдаар багаа бүрдүүлэн анх удаа дээд лигт өрсөлдөж, ийн дэд байрт шалгарсан амжилттай лигийн тэмцээнээ өндөрлүүлэв. М.Цэрэнбатарын хувьд лигийн сүүлийн таван улиралд дөрөв дэх удаагаа финалд шалгарч, гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн тамирчин болж онцгой амжилтын эзэн болсон билээ. Мөн “Төв Миг”-ээс Г.Цэнд-Аюуш мөн Олон улсын хэмжээний мастер цол тэмдгээ гардан авав.

Харин хүрэл медалийг шинэ өнгө төрхөөр лигт өрсөлдсөн Б.Батсуурь ахлагчтай, Э.Энхтөгс дасгалжуулагчтай “Шунхлай” групп, “Шанх Транс” компаний “SG Hawks” баг хүртлээ. Тэд лигийн эхэнд 11 дараалан хожсон амжилтыг гаргаж явсан хүчтэй баг билээ. Хоёр жил багаа ахлан лигийн тэмцээнд орсон Б.Батсуурь шагналаа гардан авах үеэрээ шинэхэн Олон улсын хэмжээний мастер тамирчин боллоо.

Эмэгтэй багуудаас дээд лигийн түүхэнд шинэ баг аваргаар тодорсон нь Ж.Баянжаргал ахлагчтай, Б.Мөнгөнхуяг дасгалжуулагчтай “Улаанбаатар финикс” байлаа. Тэд аваргын төлөөх тоглолтод өрсөлдөгч багаа 3:1 харьцаагаар буулган авч, алтан медаль цомоо өргөлөө. Тус баг сүүлийн хоёр жил хагас шигшээ шатнаас мултраад байсан бол ийн энэ жил шинэ аварга болж, дээд лигийн түүхэнд аварга болсон 6 дахь баг болж байна.

Тэдэнтэй өрсөлдсөн Г.Саруулгэрэл ахлагчтай, ОУХМ Р.Хангай дасгалжуулагчтай “Ховд Ижил Торгууд” баг мөнгөн медалийн эзэд боллоо. Тус баг сүүлийн хоёр жил финалын шатнаас мултран дөрөвдүгээр байр эзэлж байсан бол энэ жил амжилтаа ахиулж лигийн мөнгөн медальт баг болов.

Тэгвэл хүрэл медалийг ОУХМ Л.Хосбаяр ахлагчтай, Д.Даринчулуун дасгалжуулагчтай “Хөвсгөл Эрчим” баг хүртлээ. Өнгөрсөн жил Үндэсний дээд лигийн аварга болж байсан тус баг энэ жил медалийн өнгөө хувирган хүрэл дээр буулаа.

Дээд лигийн тэмцээний бас нэгэн хүлээлт бол шилдэг тамирчдаар хэн, хэн шалгарсан бэ гэдэг юм. МВХ-ны 2024-2025 оны Үндэсний дээд лигийн шилдэг довтлогчоор эрэгтэй тамирчдаас ОУХМ Г.Цэнд-Аюуш, эмэгтэй тамирчдаас “Ховд Ижил Алтай Торгууд” багийн тамирчин Jahstice Yauchi нар шалгарлаа.

Шилдэг холбогчоор эрэгтэйчүүдээс “Хасу Мегастарс” багийн тамирчин Г.Төрмандах, эмэгтэйчүүдээс шинэхэн мастер “УБ Финикс” багийн тамирчин Ц.Цэдэвнамбар, шилдэг давуулагчаар “Төв Миг” багийн тамирчин Б.Анхбаяр, “Хөвсгөл Эрчим” багийн тамирчин ОУХМ Л.Хосбаяр, шилдэг хаагчаар “SG Hawks” багийн О.Чойжилсүрэн шалгарсан бол эмэгтэйгээс “УБ Финикс” багийн тамирчин П.Энххүслэн тодорч энэ шагналыг 4 дэх удаагаа хүртлээ. 

Тэгвэл шилдэг хамгаалан тоглогчоор “Хасу Мегастарс” багийн тамирчин З.Буянжаргал, “УБ Финикс” багийн тамирчин Л.Санчирмаа, шилдэг гадаад тоглогчоор  “Хасу Мегастарс” багийн тамирчин Евгений Склиарернко, “УБ Финикс” багийн тамирчин М.Сера нар шалгарсан юм.

Харин баг тамирчдаа дасгалжуулан лигийн медальд хүргэсэн амжилтаар шилдэг дасгалжуулагчаар эрэгтэй багуудаас “Хасу Мегастарс” багийн ахлагч дасгалжуулагч, Солонгос мэргэжилтэн И Сон Гю, эмэгтэй багуудаас “УБ Финикс” багийн ахлагч дасгалжуулагч Б.Мөнгөнхуяг нар шалгарсан бол шилдэг шүүгчээр МВХ-ны шүүгч Ц.Алтан-Өлзий тодорлоо.

Тэгвэл хамгийн үнэ цэнтэй тоглогч буюу “MVP”-ийн эзнээр “Хасу Мегастарс” багин тамирчин, ОУХМ Б.Баярсайхан, эмэгтэй тамирчдаас “УБ Финикс” багийн ахлагч, Ж.Баянжаргал нар тодорч, тамирчдаа манлайллаа.

Мөн шагнал гардуулах ёслолын үеэр тамирчдад мастер, цол тэмдэг гардуулан өгсөн. Тодруулбал мастер цол тэмдгээр “Хасу Мегастарс” багийн С.Нямсүх, “УБ Финикс” багийн С.Цэдэвнамбар, “SG Hawks” багийн тамирчин Ж.Энх-Эрдэнэ, дэд мастер цолоор “Төв Миг”-ийн багийн Б.Анхбаяр, Төгөлдөр, Олон Улсын Хэмжээний Мастер цолоор “Төв Миг”-ийн Г.Цэнд-Аюуш, “SG Hawks” багийн Б.Батсуурь, “Хасу Мегастарс” багийн М.Мөнхсайхан, Б.Баярсайхан, “Өвөрхангай Хашхан” багийн тамирчин Г.Хандсүрэн нар энгэрээ мялаалаа.

Монгол волейболын холбоо дээд лигийн тэмцээнийг 1995-2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулсан. Харин 2012 оноос зургаан жил завсарласан дээд лиг 2019 онд эргэн ирсэн билээ.

Энэ жилийн лигийн тэмцээнд багууд шинэ бүрэлдэхүүн, сонирхолтой шилжилт хөдөлгөөн ихтэй орж ирснээс гадна легионер тамирчдын цар хүрээ нэмэгдэхийн хэрээр өрсөлдөөн чангарч гайхалтай, үзүүштэй тоглолтуудаар дүүрэн болж хөшгөө хаалаа. “Гэрэл түгээе” уриан дор зохион байгуулсан лигийн тэмцээн ирэх жил хүртэл ийн завсарлав. Ирэх жилийн лигийн өрсөлдөөнийг хүлээх үлдлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *