“Агаарын үндсэн бохирдуулагчаас гадна диоксин, хартугалга, хүнцэл гээд хүнд металлуудыг хэмждэг тогтолцоо манайд байна уу?” гэж хүний их эмч Б.Цэцэгсайхан агаарын бохирдолтой холбоотойгоор УИХ-аас яг 7 хоногийн өмнө зохион байгуулсан “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт дэд хэлэлцүүлгийн үеэр асуусан ч БОУАӨЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “Агаарын бохирдлыг хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон, нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцор гэсэн 6 үзүүлэлтээр л хэмжиж байгаа. Бусад бохирдуулагчийг хэмжих чадавх байхгүй” гэж хариулсныг дахин сануулъя. Хартугалга, хүнцлийн талаар хүмүүс бага ч болов мэднэ. Харин диоксин гэж юу вэ?
Диметилсульфид бол диоксины дэргэд юу ч биш
Манай улс 1990 оноос азотын давхар исэл, 2007 онд жигнэгдэгч бодисыг, 2008 оноос тоосонцрыг судалдаг болжээ. Харин диоксин, фураныг хэмждэггүй. Тийм лаборатори байхгүй.
Диоксин бол олон хлорт органик бодис. Хүчилтөрөгчийн 2 атомаар холбогдсоныг нь диоксин, 1 атомаар холбогдсоныг нь фуран гэдэг. Хорт хавдар үүсгэдэг бодис олон бий. Тэдгээрээс диоксин хамгийн хортой нь болохыг Хавдар Судлалын Олон Улсын Агентлаг тогтоож, хавдар үүсгэгчийн 1-рт бичжээ. Эрдэмтэд ч шинжлэх ухаанд одоогоор мэдэгдэж байгаа хамгийн хортой бодис гэж үүнийг тодорхойлсон байна. Тэгвэл монголчуудын элэгнээс илэрсэн, элэгний хорт хавдар үүсгэсэн нь тогтоогдсон диметилсульфидыг Хавдар Судлалын Олон Улсын Агентлаг 2А ангиллын хорт хавдар үүсгэгч гэж бүртгэжээ. Диметилсульфид бол диоксины дэргэд юу ч биш гэсэн үг.
Химийн зарим бодис маш бага тунгаар хүний биед нэвтрэхэд аюулгүй байдаг бол диоксинд ийм юм байхгүй. Хүний биед өчүүхэн бага орсон ч хортой. Гэвч ДЭМБ 1 өдөрт хүн биеийнхээ 1 кг жин тутамд 1-4 пикограмм диоксин авч болно гэж 1998 онд тогтоож өгсөн юм. Пикограмм гэдэг нь нэг граммыг их наядад хуваасантай тэнцэх нэгж шүү дээ.
Үүнээс их хэмжээний диоксинд нэг дор хордвол үхэх аюултай. Яаралтай тусламж үзүүлж чадвал арьс харлах, биеэр хлорын тууралт гарах, элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, хорт хавдар үүсэх зэрэг сөрөг нөлөөтэй. Бага тунгаар удаан хугацаанд хордвол дархлаа сулрах, гажиг хүүхэд төрүүлэх, уушги, ходоод, элэг, бөөр, тунгалгийн булчирхайн хорт хавдар үүсэх, мэдрэл муудах, үргүйдэх, үр зулбах, дутуу төрөх, хүүхдийн өсөлт зогсох, өсөлт удаашрах, харшил, чихрийн шижин зэрэг олон өвчин үүсдэг нь нэгэнт тодорхой болжээ.
Виктор Ющенког диоксиноор хордуулсан
Үүний тод баримт нь Украины 3 дахь Ерөнхийлөгч Виктор Ющенко. Тэр 2004 онд “Бидний Украин” намын дарга байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд Виктор Януковичтай өрсөлдсөн. Уг сонгуулийн кампанит ажлын үед Виктор Ющенко төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон оройн зоогийн үеэр диоксинд хордож, хлорын гэх хэзээ ч эдгэшгүй аймшигт өвчтэй болсон юм. Түүний цусан дахь диоксины хэмжээ хэвийн хүнийхээс 6000 дахин их гарсан байдаг. Гэнэт хөгширч, нүүр нь барзайн, хар арьстай болсон Виктор Ющенког Ерөнхийлөгчийн тангараг өргөснийх нь дараа ч Украины олон иргэн таниагүй. Тэр байтугай эмч хүн хүртэл “Энэ бол жинхэнэ Ющенко биш” хэмээж, генетикийн шинжилгээ хийлгэхийг шаардаж байсан гээд бод доо.

Диоксин бол ийм аймшигтай, аюултай бодис. Ийм бодисоор Улаанбаатарын иргэд өдөр бүр хордож байгаа гэж бодохоос аймаар. Учир нь диоксин, фураныг хүн газраас олборлодоггүй, үйлдвэрлэдэггүй. Уран шиг газарт байдаг бодис биш. Юм шатаах, түймэр гарах зэрэг хүний үйл ажиллагаа, байгалийн үзэгдлийн нөлөөгөөр өөрөө аяндаа бий болдог. Тэгэхээр манайх шиг жилийн 8 сард нь нүүрс, шахмал түлш, мод, дугуй гээд шатдаг бүхнийг түлдэг улсын агаарт диоксин, фуран байхгүй байна гэж хэзээ ч байхгүй. Түймэрт өвс шатахад л агаарт диоксин, фуран ялгардаг. Нүүрс, шахмал түлш шатаахад бүүр ч их хэмжээний диоксин, фуран үүсэх нь тодорхой.
Цахилгаан станц, гэр хорооллын айлууд нүүрс, шахмал түлш, мод түлэх, хог шатаах, түймэр гарах, хүн чандарлах, тамхи татах, цемент, шохой үйлдвэрлэх, бүх төрлийн төмөрлөгийн үйлдвэрлэл зэрэг бүхий л шатах үйл явцын үед диоксин үүсэж, үнс хөө тортогтой хамт агаар, хөрсийг бохирдуулж байдаг.

НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газрын төслийн зохицуулагч Б.Дэлгэрбаярын илтгэлээс үзвэл манай улсын хогны төвлөрсөн цэгүүдэд жилд 2.9 сая тонн хаягдал хуримтлагддаг. Үүний 20%-ийг шатаадаг гэж үзвэл 360 мянган тонн хог ил шатааж, улсын хэмжээн дэх нийт диоксин, фураны 42.6%-ийг үүсгэж байна.
Диоксин хүний өөхөнд хуримтлагдан, 3-20 жилийн дараа хагас задарна
Диоксин бол удаан задардаг органик бохирдуулагч (УЗОБ)-ийн нэг юм.
Диоксин хөрсөнд 10-12 жил, агаарт 32 хоног, хүний биед 3-20 жил болж байж хагас задарна. Тэгэхэд хүний биед орсон мөнгөнусны тал нь 58 хоногт гадагшилдаг. Натрийн цианид 20-60 минутад хагас задардаг гээд харьцуулаад үзээрэй. Диоксин тосонд сайн, усанд муу уусдаг тул хүн, амьтны биеийн өөхлөг хэсэгт хуримтлагдаж, дэндүү олон жилийн турш хордуулдаг.
Онцгой хортой энэ бодис үүссэн газраасаа салхи, агаараар дамжин асар хол тархдаг. Энэ бодисоос хүн төрөлхтөн, Эх Дэлхийгээ хамгаалах зорилгоор улс орнууд Стокгольмын конвенцыг баталжээ. Энэ конвенцоор 22 бодисыг устгах, хязгаарлахаар улс орнууд санал нэгдсэний 1 нь диоксин. Улаанбаатарчуудыг хамгийн их хордуулж байгаа хэмээн бидний ад үздэг хүхэрлэг хийнээс диоксин 100 сая дахин их хортой.
Хөрсөнд үлдсэн диоксин өвс ургамлаар дамжин мал, амьтныг хордуулна. Малын сүү, мах, өөхөнд хуримтлагдсан нь хүнийг хордуулна. Хоол тэжээлийн энэ гинжин хэлхээний төгсгөлд нь байдаг хүн хамгийн их хорддогийг эрдэмтэд илрүүлжээ. Энэ хорт бодис эхийн сүүгээр ялгардаг тул хөхүүл хүүхэд ээжээсээ илүү хорддог байх юм. Гадаа шороон дээр тоглож, тоос шороо иддэг, амьсгалдаг болоод ч тэр үү том хүнтэй харьцуулахад хүүхэд их хорддогийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоожээ. Диоксинд хордсон хүмүүсийн 10%-ийнх нь биед агаар, хөрсөөр дамжуулан энэ хор нэвтэрсэн байдаг аж. 90% нь мах, сүүн бүтээгдэхүүн, загас, өндөг, хөхний сүү зэрэг хоол хүнсэнд нуугдсан, тамхи шатахад үүссэн диоксинд хорджээ. Тамхи татдаг хүн хорт хавдар амархан тусдаг нь никотиноос гадна диоксинтой холбоотой.
Дэлхий дээрх хамгийн хортой бодис
Дэлхийд сүүлийн 50 жилд хөхний хорт хавдар 26%-иар, чөмөгний болон тунгалгийн зангилааны Хожкины бус хорт хавдар тус бүр 3 дахин, хүүхдийн хорт хавдар 13%-иар өссөнийг олон улсын эрдэмтэд диоксин, фурантой холбон тайлбарлаж байна.
Хүнийг нас барахад хүргэдэг өвчний 1-рт уушгины хавдар ордог. Үүгээр манай гараг дээр жил бүр 2 сая хүн нас бардаг. Монгол Улс хавдраар Дэлхийд 52-т, хавдраас шалтгаалсан нас баралтаар 1-рт ордог. Үүн дундаа уушгины хавдраар Дэлхийд 64, нас баралтаар 87-д орж байна.

“Монголд уушгины хавдраар өвчилсөн, нас барсан хүний тоо байнга нэмэгдэж байна. Агаарын бохирдол уушгины хавдарт нөлөөлсөн эсэхийг тогтоосон судалгаа Монголд одоогоор хийгээгүй байна” гэж Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эмч Б.Ганзориг танилцуулсан. Дэлхийн хамгийн бохир агаартай хотод амьдарч байгаа атлаа манай судлаачид “Уушги минь юу болж байгаа бол” гэж бодоогүй, судлаагүй байх юм. Байж боломгүй.
АНУ-ын Харвардын их сургуулийн судлаачид нүүрс түлдэг 83 улсад уушгины хавдар хэр байгааг судалжээ. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцын хүчин чадлыг 1 ГВт-аар өсгөхөд, эрэгтэйчүүдийн дундах хавдар 59, эмэгтэйчүүдийн дундах хавдар 87%-иар нэмэгддэг юм байна.
Агаарын бохирдол нь уушгины хавдраас гадна элэгний хавдарт нөлөөлж байгааг 2015-2017 онд Испани улсын судлаач Лаура Торренс, Марк Пуйгвэхи нарын 10 гаруй судлаач хамтран судлаад, тогтоочихож. Нүүрс түлэхэд, агаарт ялгарсан диметилсульфид монголчуудын элгэнд хуримтлагдан, хорт хавдар үүсгэж байгааг бид одоо л мэдлээ. Энэ бол бидний мэдэж буй өчүүхэн зүйл. Мөсөн уулын орой. Гадаадын судлаачид л манай бохир агаар биднийг хэрхэн устгаж буйг судалж өгөх бололтой. Харин бид өөрсдийнхөө бодит үнэнийг тэдний судалгаанаас сонсоод сууж байх юм байна. Яана даа!