Балтийн улсууд Оросын цахилгаан сүлжээнээс бүрмөсөн салж, ЕХ-ны цахилгаан сүлжээнд холбогдов


Орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагт Балтийн тэнгисийн бүс нутгийн Эстони, Латви, Литва улсууд Оросын цахилгаан сүлжээний холболтоо бүрмөсөн салгаж, ЕХ-ны цахилгаан сүлжээнд холбогдохоор болсон байна. Ийнхүү Балтийн улс орнууд эрчим хүчний салбарт Оросоос хараат байдлаа бүрмөсөн зогсоолоо. 

Эстони, Латви, Литва улсууд 2004 онд Европын Холбоо, мөн НАТО-д нэгдэн орж байсан бөгөөд 2007 оноос хойш ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат байдлаасаа салах төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлсээр ирсэн бол 2022 оны хавар ОХУ Украин руу түрэмгийлэн халдан довтолсны дараагаар төлөвлөгөөг улам хурдлуулсаар ийнхүү зорилгодоо хүрсэн байна.

Бямба гарагт Литва улсад барьж босгосон, ЕХ-ны сүлжээнд холбогдох цахилгаан сүлжээний шинэ байгууламжийг нээж, ашиглалтал оруулах үйл ажиллагааны үеэр Оросын талаас явуулж болох болзошгүй халдлагаас сэргийлэх үүднээс тус улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, армийн нисдэг тэргүүдийг илгээжээ.

Энэ үеэр Литва улсын Эрчим хүчний сайд Зигимантас Вайчюнас “одоо бид бүрмөсөн биеэ даасан улс боллоо, маш чухал түүхэн үйл явдал болж байна” хэмээн хэлсэн байна.

Украины Эрчим хүчний сайд Герман Галушенко энэхүү үйл явдлыг “Европын хувьд маш чухал үйл явдал боллоо” хэмээн магтан сайшаажээ.

Түүнчлэн Литва улсын нийслэл хотод зохиогдсон ёслолын арга хэмжээнд Литвийн ерөнхийлөгч Гитанас Науседа зэрэг Балтийн гурван улсын төр засгийн удирдагчдаас гадна Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда зэрэг олон хүндэт зочид, төлөөлөгчид оролцжээ.

Оросын цахилгаан сүлжээнээс салж, ЕХ-ний цахилгаан сүлжээнд 100% холбогдож, эрчим хүчний тал дээр хараат бус болох Балтийн 3 орны энэхүү төсөл хөтөлбөрт нийт 1.6 тэрбум орчим евро зарцуулснаас дийлэнх хэсгийг нь ЕХ-ны санхүүжилтээр шийдсэн байна. 


One response to “Балтийн улсууд Оросын цахилгаан сүлжээнээс бүрмөсөн салж, ЕХ-ны цахилгаан сүлжээнд холбогдов”

  1. Хараат бус гэчжээ. Өөрсдийгөө цах.э.хүчээр хангавал тэр хараат бус биш үү. ЕХ ы хараат болчихоод Балтийн 3 н амьсгаа. Оросын түрэмгийлэл биш бсныг танай эргүү сайт олж харахгүй л явна уу. Авдаг мөнгө чинь одоо дуусна даа.

Leave a Reply to Эргүү сайт Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *