Үхсэн хүн үг хэлдэггүй


“Үхсэн үг хэлдэггүй” гэдгийг монголчууд утгаар нь ашиглаж байх шиг. Ашиглах гэж дээ, үг хэлж чадахгүй болохоор нь шороонд булагдсаных нь дараа элдвээр хэлж, зарим нь фантаазлан өрөвдүүлж, зарим нь улстөржүүлэн, хүний үхлээр наадаж байна.

         Нэг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан хэрэг нэгдүгээр сарын 23-24 шилжих шөнө гарсан. Ээж болон 4 дүү нь угаартаж нас барсан гэх мэдээг цэргийн албанаас чөлөөгөөр гарч ирээд мэдсэн хүү сэтгүүлчдэд хандаж, хайртай хүмүүсээ алдсан тухайгаа ярьсан. Тэгвэл үүний араас түүний ээжийг архичин, харин хүүг хулгайн гэмт хэрэгт холбогдож цэрэгт явсан гэх мэдээ олон нийтийн сүлжээгээр түгэв. Бүр болоогүй, дүү нарынх нь нэр, нас, зурагтай нь хамт, хүний хувийн нууцад хамаарах мэдээллийг ил цацсан увайгүй хэрэг гарч, олон нийтийг бухимдуулаад байна.

Энэ хэргийн талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Амиа алдсан хүүгийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Тухайн мэдээллийг зориуд цацсан байж болзошгүй. Зарим нь цагдаагийн байгууллагын мэдээлэлд хадгалагдаж байгаа зүйл, зарим нь үнэнд нийцэхгүй, ташаа мэдээлэл байсан. Хэрэв мэдээллийг ажлын журмаар олж аваад цацсан бол гэмт хэрэг. Энэ бол дан ганц алба хаагчийн асуудал биш. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн юм. Гэтэл өдийг хүртэл энэ асуудал хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.

Гэр бүлээ алдчихаад хаана хандахаа мэдэхгүй яваа цэрэг хүүд ээжийгээ архичин гэж хэлүүлэхэд ямар байсан бол? Түүний оронд өөрийгөө тавиад үзээрэй. 

 Ер нь монголчууд үхсэн хүний араас үг хэлж, муулахыг ажил мэт хийдэг болжээ. Хүнд чинь уг нь ёс зүй, энэрэх сэтгэл, хүндлэл гэж юм байдаг сан. Гурван хүүхэд, нэг дүүтэйгээ угаартан нас бараад, газар доор орчихсон байхад араас нь харлуулаад архичин, халамжийн мөнгөөр амьдардаг байсан гэж байдаг. Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор “Угаартаж амиа алдсан нь тэдний буруу. Архичин учраас амиа алдсан нь хохь нь” гэх шиг агуулгыг санаатайгаар гаргаадахлаа. Анзаараад байхад олныг цочирдуулсан хэргийн араас хохирогчдыг ямар нэгэн байдлаар буруутгадаг явдал гарсаар удлаа.

Талийгаачийн талаар Баянгол дүүргийн 22-р хороонд амьдрах нэгэн эмэгтэй ийн ярьсан. Тэрээр цахим орчинд тархсан мэдээллийг уншаад ихэд цочирдсон байна. “Талийгаач эмэгтэй олон хүүхэдтэй болохоор хүүхдүүдийнхээ төлөө л зүтгэдэг байсан. Фейсбүүкээр яваад байгаа, ээж нь архичин, том хүү нь хулгайч гэдэг бол худлаа мэдээлэл гэдгийг би бардам хэлж чадна. Бид нэг нэгнийхээрээ байнга орж гардаг байсан болохоор мэдэлгүй л яах вэ. Ээж нь дандаа л ажил хийж явдаг. Архи дарс хэрэглэдэггүй, маш хөдөлмөрч эмэгтэй байсан” хэмээжээ.

Саяхан даа, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг өөд болсон тухай эмгэнэл цацагдаж эхлэхтэй зэрэгцэн түүнийг элдвээр хэлж, “Уул уурхайтай нэр холбогдож явсан, “Өндөр нас насалжээ” гэх мэтээр элдвээр хэлсэн дээ. Муу ч үгүй төрт улсын анхны Ерөнхийлөгч байсан хүнийг насан эцэслэсэн хойно нь шүүж суух ард түмэн байна гэдэг ичмээр.

Ер нь архичин байна уу, замчин байна уу, ямар ч хүнийг нас барсан хойно нь шүүж, элдвээр хэлэх эрх бидэнд байхгүй. Хүмүүн гэдэг энэ Дэлхийд нүцгэн ирээд, тийн эргээд нүцгэн буцдаг. Нэг удаа амьдарч, үхэхээр тогтоогдсон нь жам ёсны зүйл. Бидний хэн нь ч энэ жам ёсыг туулаад өнгөрнө. Алдаа хийгээгүй, ариун хүн гэж энэ Дэлхий дээр нэг ч байхгүй. Ухаад үзвэл хүн бүрд ямар нэг алдаа байж л байгаа. Тийм байтал үхсэн хойно нь бусдыг элдвээр хэлэх, ард үлдсэн ар гэр, төрөл төрөгсдийг нь ч амныхаа бай болгох нь хүний ёсонд таарахгүй алдас. Хүнлэг байх, хүндлэх, энэрэх сэтгэлгүй л ард түмэн болж дээ. Яана даа.

Ийм ч ард түмэн байгаагүй юм сан. УИХ-ын гишүүн асан С.Зоригийн ясыг ямар олон жил яасан их өндөлзүүлэв. Үхсэн хүний ясыг өндөлзүүлдэг муухай юмыг явж явж улстөрчид хийгээд байна бус уу? Энэ удаад ч тэгэх шиг боллоо. Дээрээс шидсэн ийм увайгүй чулууг нэг нэгэн рүүгээ өнхрүүлэхээ больж, монгол ёс, хүн чанараа бодвол яасан юм бэ дээ, ард олон минь!


2 responses to “Үхсэн хүн үг хэлдэггүй”

  1. Тийм увайгүй тэнэг буруу зөнөсөн монголчууд эрлийзүүдийн амыг түлэхсээн

Leave a Reply to Од Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *