АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп лхагва гаргийг ОХУ, Украины Ерөнхийлөгч нартай олон цаг утсаар ярьж, завгүй өнгөрүүлжээ. Тэрээр эхлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай холбогдож, Украины дайныг өндөрлүүлэх асуудлаар ярилцсан бол үргэлжлээд Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй ярилцсан байна.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр Д.Трамп, В.Путин хоёрын яриа 90 минут орчим үргэлжилж, тэд Украины дайныг “нэн даруй” өндөрлүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцжээ. Д.Трамп ойрын үед В.Путинтэй уулзахаар болсон байна. Тэдний уулзах байршил Саудын Араб улс байж магадгүй байна.
Түүнчлэн хоёр их гүрний удирдагч нар харилцан төрийн айлчлал хийхээр тохиролцсон талаар Д.Трамп болон Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков нар батлан мэдэгджээ. Д.Трамп өөрийн Trump Social нийгмийн сүлжээний хуудсандаа “Олон сая хүний амь нас хохирч байгаа Орос-Украины дайныг өндөрлүүлэхээр тохирсон. Хоёр талын дипломат төлөөлөгчдийн баг яриа хэлэлцээг яаралтай эхлүүлэх болно” хэмээн бичжээ.
Украины Ерөнхийлөгчийн алба мөн В.Зеленскийг Д.Трамптай нэг цаг ярилцсан талаар мэдэгдэв. В.Зеленскийн хэлснээр тэд дайныг төгсгөж, энхийн гэрээ байгуулах асуудлаар удаан ярилцаж, АНУ-Украины аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, нөөц баялгийн салбар дахь түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны шинэ баримт бичгийн бэлтгэлийн асуудлаар ярилцсан гэнэ. Түүнчлэн тэд энэ маягаар холбоогоо таслалгүй үргэлжлүүлж, уулзалт хэлэлцээгээ төлөвлөхөөр тохирсон байна.
Хэдийгээр утсаар ганцхан удаа ярьсан яриа Украины дайныг дуусгахгүй ч 2-р сарын 12-ны лхагва гараг Украины дайныг төгсгөх эхлэл болсон хэмээн түүхэнд тэмдэглэгдэж магадгүй боллоо. Ямартай ч яриа хэлэлцээ явагдаж эхлэх нь байна. Их гүрнүүдийн удирдагч нар харилцан айлчилж, нэг бус удаа уулзах нь тодорхой болж байна.
2022 оны эхээр дайныг эхлүүлсний дараа олон улсын хоригт өртөж, “үзэн ядагдаж” байсан ОХУ-ын байр суурь ийнхүү огцом дээшилж, Украины асуудлаар Киев болон Европтой бус, шууд АНУ-тай яриа хэлэлцээ явуулах боломж В.Путинд ирэв. Үүгээрээ тэр өөрийгөө ахин олон улсын улс төрийн тавцанд гарган ирэх үүд хаалгаа нээлээ гэж хэлж болохоор болов. Д.Трамптай ярилцсан ганцхан удаагийн утасны яриагаар тэрээр томоохон дипломат ялалт байгууллаа хэмээн Барууны хэвлэлүүд онцолж байна.
Трамп мэдэгдэлдээ “Украины дайныг дуусгах тал дээр В.Путинтэй ойр хамтран ажиллахыг хүсэж байна”, “Харилцан айлчлах болно” гэж хэлсэн нь ч АНУ-ын ОХУ-ыг чиглэсэн байр суурь өмнөх төрийн тэргүүн Ж.Байдены засаг захиргааны байр сууриас огт өөрийг харууллаа. Д.Трампыг Москвад айлчлахыг урьсан В.Путины хандлага ч яг ижилхэн байлаа. Хэрвээ Трамп, Путин нар харилцан төрийн айлчлал хийвэл АНУ-ОХУ-ын харилцаанд томоохон өөрчлөлт орж байгааг илтгэх болно. АНУ-ын Ерөнхийлөгч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ОХУ-д айлчлаагүй.
Америк, Оросын харилцаа ийнхүү сэргэж байгаа нь Киевт хамгийн ашиггүй, ямар ч ач холбогдолгүй, бүрхэг дүр зураг авчраад байна.
Ялангуяа лхагва гарагт Брюссельд НАТО-гийн холбоотнуудтайгаа анх удаагаа уулзсан АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Пит Хэгсетийн маш тодорхой илэрхийлсэн АНУ-ын байр суурь Украин болон НАТО-гийн хувьд огт сонсохыг хүсээгүй үгс байсан юм. Пит Хэгсет “Энэ дайн заавал дуусах ёстой” гэдгийг онцолсон ч “Яриа хэлэлцээнд Украины НАТО-д гишүүнээр элсэх явдал багтахгүй гэж үзэж байна. Харин үүний оронд Европын болон бусад улс орны зэвсэгт хүчин Украинд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх ёстой. Украинд байрлах энхийг сахиулах хүчин НАТО-гийн гишүүн бус орны зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн байх ёстой. АНУ-ын зэвсэгт хүчин үүнд оролцохгүй” гэж мэдэгджээ. Мөн тэрээр “НАТО-гийн гишүүн орнууд энх тайванд хүч чадлаар хүрэх чиг хандлага баримталж, Европын батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн холбоотнууддаа урилсан байна. Үүнээс үзэхэд дайныг төгсгөхийн тулд яг өмнө нь Москвагаас тавьж байсан болзол, шаардлагатай нэгэн ижил Украин НАТО-д гишүүнээр элсэх бодлоосоо татгалзах, АНУ аюулгүй байдлын тал дээр Украинд баталгаа гаргаж өгөхгүй, Украин улс 2014 оноос өмнөх газар нутгаа эргүүлж авах боломжоо алдана гэх мэтчилэн олон буулт хийж, алдагдал хүлээх нөхцөл байдал үүслээ.
Газар нутаг, хүн ард, дэд бүтэц гээд олон талаараа асар их гарз хохирол амсаад байгаа Украин улсын байр суурь тун хүндхэн болж байгаагаас гадна Москвагийн эсрэг олон хориг тавьж, Украинд зэвсгийн болон санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэн, Оросын эдийн засгийг туйлдуулах бодлого баримталж ирсэн Барууны улсууд болон НАТО-д хүндхэн цохилт болоод байна.
Д.Трампын хувьд өөрийн улсын өмнөд хилийн тулгамдсан асуудал, хойд, урд хоёр хөрш болон Хятадтай хийх худалдааны тэмцэл гээд шийдэх асуудал тоймгүй олон байгаа. Д.Трамп АНУ-ын геополитикийн асуудлыг түр хойш нь тавьж, “Европын асуудал бол Европын л асуудал. Тэд өөрсдөө асуудлаа шийдэх ёстой” гэж харж байна. Тийм ч учраас ОХУ-д найр тавьж, Украинд жаахан жавтий хүртээгээд, энэ дайныг хурдхан шиг дуусгахыг зорьж байна.
Трампад алдах зүйл байхгүй. Үнэхээр тэрээр дайныг зогсоож, энхийн гэрээ байгуулж чадвал хожмын түүхэнд баатар болж л нэрээ үлдээх юм. Түүнчлэн АНУ Украинтай хүмүүнлэгийн тусламжийн хариуд ашигт малтмал гэсэн хувилбараар тусдаа гэрээ байгуулж, лити гэх зэрэг газрын ховор элемент олборлох салбарт Украинтай хамтран ажиллах боломжийг ч цаагуураа харсан байх магадлал өндөр байгааг ажиглагчид хэлж байна.
АНУ-ын боловсруулж буй энхийн санал, санаачилга энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр ХБНГУ-ын Мюнхен хотноо зохиогдох дээд түвшний Мюнхены аюулгүй байдлын бага хурал дээр илүү тодорхой, дэлгэрэнгүй болох төлөвтэй. Энэхүү бага хуралд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч ЖД Вэнс, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар оролцоно.
Ийнхүү Д.Трампын утсаар ганцхан удаа ярьсан яриа сөргөлдөгч талууд болон бусад оролцогчид өөр өөр үр дүн авчрахаар болоод байна. Цаашид юу болохыг Дэлхий нийтээрээ нүд, чих тавин харах л үлдлээ.