“You Quiz on the Block” нэвтрүүлэгт оролцсон “Yale”-ийн их сургуулийн сэтгэл судлалын профессор На Жонг Хо жүжигчин Ким Сэ Роныг нас барсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Профессор На хувийн цахим суваг дээрээ “Би Ким Сэ Роны сүнсийг амар амгалан байлгахын төлөө залбирч байна. Тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь маш том алдаа. Шийтгэл нь хөнгөн байвал хуулийн тогтолцоонд л асуудал буй. Гэтэл алдаа гаргалаа гээд цагаатгах боломж олголгүй оршуулдаг нийгэм эрүүл биш юм” гэжээ.

“Би ихэвчлэн хувь хүний талаар тайлбар хийдэггүй. Гэвч нэг хүний үхэл нь нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, биологийн хүчин зүйлсийн цогц харилцан үйлчлэлийн үр дүн юм. Ким Сэ Рон туйлдаа хүрээд ийм алхам хийсэн гэдгийг би маш сайн мэдэрч байна. Уг жүжигчний тухай хамгийн сүүлд харсан нийтлэлд түүнийг санхүүгийн бэрхшээлийн улмаас цагийн ажил хийж байсан тухай дурдсан байсан. Харин түүний ажиллаж байсан кофе шопыг хайр найргүй сөрөг сэтгэгдлээр бөмбөгдөж байсныг би санаж байна. Өнөөдрийн нийгэм амьсгалах завсар өгөхгүй доромжилсоор хэчнээн хүний амь нас хохирох ёстой вэ ? Энэ талаар эргэцүүлэн бодох цаг болжээ” хэмээн сэтгэл судлалын шинжлэх ухааны профессор На Жонг Хо хэлсэн байна.