Хуулиас давсан эрх мэдэлтэй БЭТ томилохдоо Үндсэн хуулиа харсан уу?


Засгийн газрын хуралдаанаар Ж.Батзанданг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон тухай мэдээлэл чих дэлсэв. Хувьд очсон стратегийн ордуудыг эргүүлэн төрд авах ажлыг удирдах бүрэн эрх түүнд шилжжээ.

Ковидоос хойш төрийн өмчит компаниудад бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилох “мода” дэлгэрсэн гэж хэлж болно. Уг нь бүрэн эрхт төлөөлөгч гэдэг энэ ойлголт ардчилсан Монгол Улсын хууль тогтоомжид огт тусгагдаагүй асуудал юм. Үгийн гарлыг нь хөөвөл их хэлмэгдүүлэлтийн үед буюу 1937 онд онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогддог байсан бөгөөд тэр нь хэчнээн хүний халуун амийг хэлмэгдүүлэн хохироосон тухай түүхэн баримт байгааг бид мэднэ.

Хамгийн сүүлд БНМАУ байх үед буюу Үндсэн хууль батлагдахаас өмнө 1991 онд улс орны хэвийн үйл ажиллагааг мөрдүүлэх зорилгоор БЭТ томилж байсан түүх байна. Харин шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан Монгол Улс байгуулсан цагаас хойш батлагдсан, хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжуудад БЭТ гэх ойлголт, хууль эрх зүйн үндэслэл огт байхгүй болж таарлаа.

Ковидын үед улс орон даяар онц байдал зарласан цаг тухайд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Засгийн газар БЭТ томилсон нь удаан мартагдсан шинэ ойлголт болж бидэнд танигдсан билээ. Үүнээс хойш Засгийн газар ахин дахин БЭТ томилох боллоо. Уг нь төрийн өмчит компаниудын удирдлагыг төр томилдог. Тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулсан хууль журам хүртэл бий. Хэрэв төрийн өмчит компаниудад төрөөс томилсон удирдлагууд хуульд нийцүүлэн ажиллаж чадахгүй байгаа бол хариуцлага тооцох эрх мэдэл нь ч Засгийн газарт баймаар. Гэтэл ахин нэг шагналын гэмээр хэмжээгүй эрх мэдэлт БЭТ гээгчийг томилж, Монгол Улсад одоо мөрдөж байгаа 800 гаруй хууль тогтоомжид байхгүй үйл ажиллагааг Ардын намын тэргүүлсэн Засгийн газар удаа дараа хийх болов. Компанийн тухай хууль, ТУЗ гээд БЭТ томилж байгаа бүх компанид өөр өөрсдийн гэсэн удирдлага бий.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг газарт онцгой дэглэм тогтоож, шууд хяналтдаа авах зорилгоор томилсон БЭТ гэж “хаан” шиг эрх мэдэлтнийг томилж байсан жишээнүүд мартагдаагүй байна.

Зөвхөн ил болсноос нь дурдахад “Эрдэнэс Тавантолгой”-н БЭТ Ж.Ганбат нэгэн зэрэг 74 хүнийг ажлаас нь халж, өөртөө 1.2 тэрбум төгрөгийн шагнал урамшуулал цохуулсан түүх бий. Тэгвэл хувьд очсон стратегийн орд газруудыг төрд буцаан авах зорилгоор томилсон БЭТ Ж.Батзандан юу хийж, хэрхэн ажиллах бол гэдэг анхаарал татаж “айдас” төрүүлж байна.

“Эрдэнэс Тавантолгой”-н БЭТ Ж.Ганбатын жишээгээр харвал БЭТ гэдэг томилгоо Засгийн газрын шагнал байж мэдэх хардлагыг эрхгүй төрүүлнэ. Хардах үндэслэлийг тодруулбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх УИХ-ын гишүүн байхдаа Ж.Батзандан, Х.Нямбаатар нарын 4 гишүүний хамт гудамжинд жагсаж байж, одоогийн эрх мэдэлдээ хүрсэн, шат ахисан гэхэд буруудахгүй. Тэгвэл “Шударга таван гишүүн”-ийх нь нэг Ж.Батзандан парламентад сонгогдож чадалгүй, эрх мэдэлгүй хоцорчхоод байсан юм. Гараагаа хамт эхэлсэн 5 гишүүнийхээ 1-ийг хотын даргаар томилсон Ерөнхий сайдад хашааны гадна үлдсэн Ж.Батзандангаа шагнах боломж нь магадгүй БЭТ болгох байсан байхыг үгүйсгэх аргагүй. Төрийн ордны гаднаас харж байгаа хувь сэтгүүлчийн хардлагаар дүгнэхэд л ийм байна.

Засгийн газар хуулиас давсан эрх мэдэлтэй БЭТ томилох нь Үндсэн хууль болон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль тогтоомжтой харшилна гэдгийг хуульчид, судлаачид сануулсаар байгаа ч хэмжээлшгүй эрх мэдэлтэй БЭТ томилдог төрд тэдний дуу хоолой хүрэхгүй байна.


One response to “Хуулиас давсан эрх мэдэлтэй БЭТ томилохдоо Үндсэн хуулиа харсан уу?”

Leave a Reply to УРИАНХАН Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *