Элон Маскын xAI компани хиймэл оюуны Grok 3 загвараа танилцууллаа


Элон Маскын xAI компани мягмар гарагт хиймэл оюуны Grok 3 хэмээх хамгийн сүүлийн үеийн загвараа танилцуулаад байна. Тус компанийн зүгээс энэхүү загвар нь өрсөлдөгч OpenAI-ийн ChatGPT болон Хятадын Deepseek чатботуудыг гүйцэтгэлээрээ давж гарсан нь математик, шинжлэх ухаан болон кодчлолын стандарт бодлого бүхий урьдчилсан туршилтаар батлагдсан хэмээн мэдэгдээд байгаа юм.

“Бид маш богино хугацаанд Grok 2 загвараас хэд дахин илүү Grok 3 хувилбарыг бүтээж, та бүхэнд танилцуулж байгаадаа баяртай байна” хэмээн Элон Маск X платформ дээр шууд дамжуулсан Grok 3-ын танилцуулгын үеэр хэлсэн байна.

Түүнчлэн xAI компанийн мэргэжилтнүүдийн багийн зүгээс мөн “Deep Search” хэмээх шинэ үеийн хайлтын программ/бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байгаагаа зарлажээ.

Grok 3 чатботыг X платформын премиум эрхтэй, төлбөртэй хэрэглэгчид 2-р сарын 18-ны өдрөөс эхлэн хэрэглэх боломжтой болж байгаагаас гадна мөн Grok 3 загварын үндсэн вебсайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр хэрэглэх боломжтой ажээ.

Элон Маск өнгөрсөн долоо хоонгт Дубай хотноо зохиогдсон Дэлхийн засгийн газруудын чуулганд оролцох үеэрээ Grok 3 загварын чатботыг “аймшигтай ухаантай” бөгөөд туршилтаар бусад хиймэл оюуны чатботуудын гүйцэтгэлийг давж гарсан, өөрөө өөрийнхөө алдаанаас суралцах чадвартай хэмээн онцолж байсан юм.

Хиймэл оюун ухааны боломжит аюулын талаар анхааруулсаар ирсэн Элон Маск хиймэл оюуны хөгжүүлэлтийн xAI компанийг 2023 онд байгуулж, хиймэл оюуны технологийн зах зээлд өрсөлдөхөөр хөл тавин орж байсан билээ.

xAI компани 100 мянган ширхэг Nvidia-гийн GPU-г холбож суурилуулсан “Colossus” хэмээх супер компьютерыг хиймэл оюуны технологийг хөгжүүлэхдээ ашиглаж байгаагаа өмнө мэдээлж байсан бол мягмар гарагт тус компанийн зүгээс Grok 3 чатботыг хөгжүүлэхийн тулд дээрх GPU-ийн тоо хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлснээ ил болгосон байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *