Москва олон улсын дипломат тавцанд дахин гарч ирлээ


Саудын Араб улсад зохиогдсон Америк-Оросын дипломатчдын уулзалтын эргэн тойронд…

Саудын Арабын Эр Рияд хотноо Украины дайны асуудлаарх АНУ-ОХУ-ын яриа хэлэлцээ мягмар гарагт явагдлаа. Хоёр талын өндөр түвшний дипломат албаныхан аварга том ширээний ард суусан сүртэй дүр зураг бүхий энэхүү уулзалт нь Украины дайн эхэлснээс хойшхи Америк, Оросын албаныхны нүүр тулан биечлэн уулзсан анхны албан ёсны уулзалт боллоо.

Уулзалтанд АНУ-ын талаас төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтц, АНУ-ын ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф нар оролцсон бол ОХУ-ын талаас гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын ерөнхийлөгчийн гадаад бодлогын ахлах зөвлөх Юрий Ушаков, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев нар оролцсон бөгөөд уулзалт 4 цаг хагасын хугацаанд үргэлжилжээ.

Уулзалтанд оролцсон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хоёр улс Украины дайныг зогсоож өндөрлүүлэх яриа хэлэлцээнд оролцогчдыг сонгохоор тохиролцож, Вашингтон болон Москва дахь ЭСЯ-дынхаа орон тоог эргэн сэргээхээр тохиролцсон гэдгийг мэдэгдлээ.

“Бид дипломат сувгаа сэргээхгүй бол Украины асуудлаарх өргөн цар хүрээтэй хэлэлцээрийг тасалдуулж мэдэх асуудлууд гэх зэрэг цаашид олон сэдвээр ярилцахад хүндрэлтэй болно” хэмээн Марк Рубио мэдэгджээ.

Тэрээр “өнөөдөр маш урт удаан аяллын маш чухал анхны алхмыг хийсэн өдөр байлаа” гэжээ. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн Оросын талаас яриа хэлэлцээнд оролцогчдыг томилохоор тохирсон, Америкийн дипломатчдын нэрс тодорхой болсны дараа Москва оролцогчдоо томилох болно гэжээ.

С.Лавров мөн ямар ч энхийн гэрээ байгуулсан Украины нутаг дэвсгэрт энхийг сахиулах зорилгоор НАТО-гийн гишүүн улс орнуудын зэвсэгт хүчинг оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

Энэ удаагийн уулзалтын өөр нэг зорилго болох Трамп-Путины чуулга уулзалтын бэлтгэл ажлын асуудлаарх хэлэлцээ байсан юм. Уулзалтанд оролцсон Кремлийн албан төлөөлөгчийн хэлснээр хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын товыг хараахан тогтоогүй байгаа гэсэн бол АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мягмар гарагт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ түүний Путинтэй хийх уулзалт энэ сарын сүүлээр болно гэсэн байна. Мөн тэрээр Украин энэхүү хэлэлцээрийг аль эрт байгуулах боломжтой байсан, Киевийн эрх баригчид яриа хэлэлцээг эртнээс эхлүүлэх ёстой байсан хэмээн байна.

Ийнхүү Америк-Оросын албаныхны эхний уулзалт Украины дайныг төгсгөх асуудлаар талууд цаашдаа уулзалтуудыг явуулахаар тохиролцсон үр дүнтэйгээр өндөрлөлөө. Д.Трамп Саудын Араб улсад явагдсан эхний уулзалтыг “маш сайн яриа хэлэлцээ болсон” хэмээн онцолсон юм. 

Тэгвэл Украины дайны 3 жилийн хугацаанд барууны олон тооны хоригт өртөж, “ертөнцөөс” тусгаарлагдаад байсан ОХУ энэхүү уулзалтаар олон улсын дипломат тавцанд эргэн ирж, хэлэлцээрийн ширээний ард нэлээд том байр суурийг эзлэн, гартаа “том хөзөр атгасан” мэт хэв маягтай байлаа хэмээн барууны хэвлэлүүд, ажиглагчид бичиж, дүгнээд байна. Оросын “имидж” энэ дайнд ялагдал хүлээж, хүчээр хэлэлцээрийн ширээний ард суугаа биш, эсрэгээрээ АНУ тэдэнтэй тохиролцоо хийхийн тулд урьсан мэт харагдсан хэмээн ажиглагчдын хэлсэн нь ч үнэний ортой.

Энэ уулзалтаас өмнө Америкийн албаныхан Москва-г үнэхээр энхийн гэрээ хэлэлцээр байгуулах асуудал дээр дорвитой хандаж байгаа эсэхийг шалгаж, мэдрэхийг хүсэж байна хэмээн хэлж байсан удаатай.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уулзалтын дараагаар ОХУ-ыг дайныг өндөрлүүлэхийг хүсэж байгаа юм байна гэдгийг хэлжээ.

Хамгийн гол нь АНУ-ын төрийн тэргүүн хэдийнээ шийдвэрээ гаргасанд байгаа юм. Трампын хувьд Путиныг Украинаас цэргээ тат хэмээн шаардаж болох ч үүний оронд тэрээр сонгогчиддоо амласан ёсоороо Москва-тай дайныг төгсгөх энхийн гэрээ хэлэлцээрийг байгуулж, энэ асуудлыг нэг мөр цэгцлэн дуусгаж, дараа дараагийн төлөвлөсөн ажилдаа орохыг чухалчилж байгаа билээ. Мөн тэрээр “би олон сая хүний амь насыг аврахын тулд би энэ дайныг дуусгахыг хүсэж байгаа” гэдгээ дахин илэрхийлж, түүний удирдлаган доор АНУ “дэлхийн өнцөг булан бүрт дайны галыг унтрааж байна” хэмээн итгэлтэй мэдэгджээ.

Анх В.Путинтэй утсаар ярилцсаныхаа дараа л Д.Трамп Орост эзлэгдсэн газар нутгуудыг Украинд буцаахгүй, мөн Украин НАТО-д элсэх бодлоосоо бүрмөсөн татгалзах зэрэг буултуудыг Оросын талд аль хэдийн хийчихсэн, дээр нь Саудын Арабын уулзалтанд Украины талыг оролцуулаагүй зэргээс харахад хэрвээ үнэхээр Америкийн “зуучилж, зохицуулж буй” энэхүү яриа хэлэлцээ амжилттай явагдаж, гэрээ хэлэлцээр байгуулагдвал Москва томоохон ялалтыг байгуулах нь гарцаагүй болох юм. 

Түүнчлэн энэхүү уулзалт давхар Америк-Оросын хоёр талт харилцааны талаар явагдсан гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл тэд харилцаагаа сэргээх эхлэлийг тавьж байгаа буюу Орос-Америкийн харилцааны шинэ эрин үе эхэллээ гэхэд хилсдэхгүй үйл явдал давхар болж, дээр дурьдсан шиг ОХУ олон улсын тавцанд гүрэн улсын хувиар ахин гарч ирээд байна.

Хэдийгээр АНУ-ын талаас Украины дайныг дуусгавар болгох асуудлаарх энэхүү уулзалтыг эхлээд Оростой, дараа нь Украинтай, дараа нь хоёр талтай хамт хийнэ гэж мэдэгдсэн боловч ОХУ-ын байр суурийг ийнхүү өргөж байгаа явдал нь Украинд болон мөн эдийн засаг, дипломат арга хэлбэрээр Оросыг “шийтгэж” байсан АНУ-ын өмнөх засаг захиргаа, Европын хувьд бараг доромжлол боллоо гэж хэлэхэд нэг их буруудахгүй байх.

Харин Саудын Арабын уулзалтын үеэр Турк улсад албан айлчлал хийж, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоантай уулзсан Украины ерөнхийлөгч В.Зеленский “Украины дайны асуудлаарх аливаа нэгэн шийдвэр Украины оролцоогүйгээр гарах боломжгүй, Саудын Арабын Орос-Америкийн уулзалтанд биднийг уриагүй, ийм уулзалт болох гэж байгааг бид хэвлэл мэдээллээс олж мэдэж, ихэд цочирдсон, яг одоо тэд бидний ардуур уулзаж байгаа юм шиг байна, бидэнд тулгаж буй тэр бүх шаардлагыг Украин улс хүлээж авна гэж яаж бодож чадаж байгаа нь сонирхолтой, Оросын эхлүүлсэн энэ түрэмгийллийн гол хохирогч болсон улс орны ардуур дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээ явуулна гэдэг байж боломгүй зүйл” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Түүнчлэн Украины ерөнхийлөгч үргэлжлээд лхагва гарагт Саудын Араб улсад хийх гэж байсан албан айлчлалаа хойшлуулж, ирэх сард хийхээр болсон байна. Тэрээр уг шийдвэрээ “холбоотон, түншүүдээ буруу ойлголт төрүүлэхгүйн тулд, аливаа нэгэн санаандгүй давхцал гаргахыг хүсээгүй учраас” хэмээн тайлбарлажээ. Саудын Араб улсад айлчлах үедээ Оросын талын албаны хүмүүстэй таарч, буруу сэтгэгдэл төрүүлэхвий гэсэндээ айлчлалаа хойшлуулсан гэдгээ тэрээр ийнхүү хэлсэн байна.

Мөн тэрээр Турк, АНУ, ЕХ-г Украинд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхийг уриалжээ.

Саудын Арабын уулзалт мягмар гарагт явагдах тухай мэдээ гарах үеэр буюу даваа гарагт Францын нийслэл Парис хотноо Европын удирдагчид яаралтай албан бус уулзалт хуралдааныг явуулсан ч Украины асуудлаар нэгдмэл шийдвэрт хүрээгүй буюу амжилтгүй, үр дүнгүй явагдсан байна. Их Британийн ерөнхий сайд Сэр Кир Стармер хэлэхдээ ямар ч гэрээ байгуулагдсан Оросын талаас ахин довтлон орж ирэхээс сэргийлэх баталгаа байх хэрэгтэйг онцолж, Их Британийн цэргүүдийг Украинд байршуулах боломжтой талаар байр сууриа илэрхийлсэн бол ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц Украинд цэрэг илгээх нь энэ цаг үед “маш дутуу дулимаг” шийдвэр байх болно гэсэн юм. Польшийн ерөнхий сайд Дональд Туск ч мөн Украинд цэрэг илгээх бодолгүй байгаагаа хэлсэн бол Италийн ерөнхий сайд Жиоржиа Мелони ч мөн Европын цэргийг Украинд илгээх асуудал дээр эргэлзэж байгаагаа илэрхийлж, энэ нь Украинд энх тайван байдлыг тогтоох хамгийн ярвигтай хийгээд хамгийн үр дүн багатай арга зам байх болно гэжээ.

Харин Эр Рияд хотноо АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ, “энэ яриа хэлэлцээний аль нэг шатанд Европын Холбоо ширээний ард сууж, оролцох нь тодорхой, учир нь ЕХ Оросын эсрэг олон хориг арга хэмжээ тогтоосон” гэсэн юм. Мөн тэрээр Саудын Арабын яриа хэлэлцээнд Украины тал оролцоогүй байгаа явдлын талаар хэлэхдээ, “хэнийг ч энэ яриа хэлэлцээнээс хасахгүй” гээд, Украины дайныг өндөрлүүлэх гарц шийдэл нь оролцогч бүх талуудад хүлээн зөвшөөрөгдөхүйц байх ёстой хэмээн мэдэгджээ.

Ийнхүү энэ долоо хоногийн эхэнд Украины дайныг төгсгөж, энхийн гэрээ байгуулах асуудлаарх их гүрнүүдийн уулзалт явагдаж, дараа дараагийн уулзалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар тохиролцож, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар ойрын үед уулзахаар болж, Оросын байр суурь өсөж, Украин болон Европын байр суурь суларч эхэллээ. Нөхцөл байдал хаашаа, яаж эргэх нь дараа дараагийн уулзалт, яриа хэлэлцээнээс харагдахаар болж байна.


2 responses to “Москва олон улсын дипломат тавцанд дахин гарч ирлээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *