Өмнөд Солонгос улс Хятадын хиймэл оюуны DeepSeek чатботыг түр хугацаанд хориглохоор болжээ. Энэ талаар тус улсын хувь хүний мэдээллийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн агентлаг болох БНСУ-ын Хувийн мэдээллийг хамгаалах хорооны зүгээс мэдэгдсэн байна.
Тус агентлагийн зүгээс DeepSeek аппликейшныг Өмнөд Солонгос улсын хувийн мэдээллийг хамгаалах хууль тогтоомжтой зохицуулж, шинэчлэлт хийсний дараагаар сэргээж, хэрэглэх боломжтой болгох болно гэжээ.
DeepSeek аппликейшн анх гарсан долоо хоногтоо олон улсад шуугиан тарьсны дараагаар Өмнөд Солонгос улсад мөн алдаршиж, долоо хоног тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь 1 саяыг даваад байсан юм.
Гэвч бусад улс орнууд DeepSeek аппликейшныг хувийн мэдээлэл алдагдах болон үндэсний аюулгүй байдлын асуудлаар хориглох шийдвэрүүдийг гаргасны дараа Өмнөд Солонгост ч мөн дээрх асуудлууд дээр анхаарал хандуулж эхэлсэн байна.
БНСУ-ын Хувийн мэдээллийг хамгаалах хорооноос мэдэгдсэнээр энэ долоо хоногийн бямба гарагийн оройноос эхлэн DeepSeek аппликейшн тус улс дахь Apple App Store болон Google Play үйлчилгээнээс хасагдахаар болжээ.
Хориглохоос өмнө гар утсандаа суулгасан хэрэглэгчид DeepSeek-ийг гар утсаараа үргэлжлэн ашиглах боломжтойгоос гадна мөн вебсайтаар нь орж болох юм байна.
Өмнөд Солонгос улсаас гадна Тайвань, Австрали, Итали, Франц, Ирланд зэрэг улсуудад мөн DeepSeek-ийг ямар нэгэн байдлаар хязгаарлаж, хориглох арга хэмжээг аваад байгаа бол АНУ-ын хууль тогтоогчид тус чатботыг холбооны компьютер, тоног төхөөрөмжүүдэд суулгахыг хориглох хуулийн төслийг боловсруулан өргөн бариад байгаа юм.