В.Путин: Трамптай хийх уулзалтын бэлтгэл ажил сайтар хийгдсэн байх ёстой


2-р сарын 19-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербург хотод ажлын аялал хийх үеэрээ сэтгүүлчдэд мэдэгдэл хийсэн байна. Тэрээр энэ үеэрээ Орос-Америкийн Эр-Риядын хэлэлцээний үр дүнгийн талаарх ажлын хэсгийн тайланг сонсож, яриа хэлэлцээний үр дүнг сайшааж байгаагаа хэлсэн байна.

Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай хийх уулзалтын бэлтгэл сайтар хийгдэж байж тэд Украин болон хоёр талын харилцааны асуудлуудаар гэрээ хэлэлцээр байгуулах боломжтой болно, бэлтгэл ажилд хэр их цаг хугацаа орохыг би одоо хариулж чадахгүй ч бидэнд уулзах хүсэл сонирхол байгаа гэдгийг онцолжээ.

Тэрээр ОХУ Украины асуудлыг нэн тэргүүний гол чухал асуудал гэж үзэж байгаа бөгөөд Москвагийн зүгээс хэзээ ч яриа хэлэлцээнээс татгалзаж байгаагүй, Европын тал Оростой харилцаагаа зосгоож, Украины талаас мөн яриа хэлэлцээ хийхийг хориглох болсон гэдгийг хэлж, Трамп түүнд яриа хэлэлцээнд Орос, Украин хоёулаа оролцох ёстой гэдгийг утсаар хэлснийг дурьдаж, Саудын Араб улсад зохиогдсон Орос-Америкийн яриа хэлэлцээнд уригдаагүй хэмээн гомдоллосон Киевийн талаарх асуултад В.Путин “Эр Риядын яриа хэлэлцээний гол субьект нь Орос-Америкийн харилцааг сэргээх асуудал байсан, тэгэхээр Киев тэнд байлцаж яах гэсэн юм, Орос-Америкийн хооронд зуучлагч хийхийг хүссэн юм уу, бидэнд зуучлагч хэрэггүй” гэжээ.

В.Путин цааш нь хэлэхдээ, Орос-Америкийн яриа хэлэлцээний зорилго нь итгэлцлийг нэмэгдүүлэх явдал, хоёр орны итгэлцлийн түвшинг нэмэгдүүлэхгүйгээр Украины хямралыг шийдвэрлэх боломжгүй, Д.Трамптай нүүр тулан уулзах гэж буйдаа баяртай байна, уулзалтын бэлтгэл ажил үргэлжилж байна, Орос-Америкийн өнөөгийн харилцаа маш ээдрээтэй байгаа учраас зүгээр кофе ууж суугаад асуудлыг шийдэх боломжгүй гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч мөн Орос улс АНУ-тай Ойрхи Дорнод зэрэг нийтлэг ашиг сонирхлын олон салбарт хамтын ажиллагаагаа сэргээх эхний алхмыг хийж, түүнээс гадна АНУ-тай эдийн засаг, эрчим хүч, сансар судлалын салбарт хамтран ажиллах болно гэсэн байна.

Түүнчлэн Орос-Америкийн хоорондох цөмийн зэвсгийн тоо хэмжээг бууруулж, тогтоон барих тухай New START гэрээний талаар сануулж, “бүгд энэ гэрээг мартсан бололтой, тэгвэл би сануулья, энэ гэрээ яг нэг жилийн дараа, 2026 оны 2-р сард дуусах болно” гэжээ.

Тэрээр мөн Европын талаар ярихдаа өнөөгийн Европ-Америкийн харилцаанд үүсээд байгаа энэхүү тулгамдсан байдалд Европ өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Европын бараг бүх удирдагчид АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр нэр дэвшигчдийн нэгэн рүү нь шууд дайрч, давшилж, нээлттэй доромжилж байсан хэмээн ярьсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *