Египетийн эртний түүх судлаач, археологич эрдэмтэд эртний Египетийн өөр нэгэн хааны бунханг олж илрүүлсэн байна. Одоогоос зуу гаруй жилийн өмнө эртний Египетийн Тутанхамон хааны бунхан олдож байснаас хойш олдсон эртний Египетийн өөр хааны бунхан энэ болоод байна.
II Тутмос хэмээх фараоны энэхүү бунханг Их Британи, Египетийн судлаачдын баг Египетийн Луксор хотын ойролцоох Тебан Некрополисын баруун хөндийгөөс олжээ.
Тэд уг бунханг сурвалжит гаралтай эмэгтэйчүүдийн амардаг байсан хэсгээс анх олохдоо эзэн хааны булш гэж мэдээгүй ч удалгүй маш гоёмсог хийцтэй, дүүрэн чимэглэлтэй болохыг нь хараад фараоны бунхан гэдгийг нь мэдсэн байна.

“Тасалгааны таазыг цэнхэрээр будаж, шар өнгийн од мичдээр чимэглэсэн байсан, зөвхөн хаадын бунханг л ингэж чимэглэдэг юм” хэмээн экспедицийн дарга, доктор Пирс Литерланд BBC сувгийн мэдээллийн хөтөлбөрт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Мөн тэрээр тэдний энэхүү олдвор нь Египетийн 18 дугаар гүрний эзэн хаадын булш хаана байгааг олж тогтоосон, энэхүү нууцыг илрүүлсэн томоохон нээлт болсныг онцолжээ. Уг нээлт нь Их Британийн New Kingdom Research Foundation сан болон Египет улсын Аялал жуулчлалын яамны хамтарсан судалгааны багийн 12 жил гаруй хугацаанл үргэлжилсэн судалгааны ажлын үр дүн болсон байна.
Тус судалгааны баг өмнө нь 54 эртний булш болон бунханг олж илрүүлж, мөн 30 гаруй хааны эхнэрүүд болон шивэгчин эмсийн булшийг олж тогтоож байсан ажээ.
II Тутмос хааны занданшуулсан шарилыг хоёр зуу орчим жилийн өмнө олж байсан ч түүнийг анх оршуулсан газрыг олж илрүүлж чадаагүй байсан юм. II Тутмос хаан нь Тутанхамон хааны үр удам байсан бөгөөд түүнийг манай эриний 1493-1479 оны хооронд хаанчилж байсан гэж судлаачид үздэг байна.
Египетийн аялал жуулчлалын сайд Шериф Фатхи хэлэхдээ, судлаачдын энэхүү нээлтийг 1922 онд Тутанхамон хааны бунханг олсноос хойш олж илрүүлсэн эртний Египетийн эзэн хааны анхны бунхан бөгөөд египет судлал болон дэлхийн хүн төрөлхтний үүх түүхийг өргөн утгаар нь ойлгож судлах явдалд нэгэн гайхалтай ололт амжилт боллоо гэжээ.