ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэд тус аймгийн Онцгой комиссын ээлжит хуралд оролцов. Тус аймгийн хэмжээнд 2021-2024 онд 719 удаа гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон нь өмнөд бүсийн хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын 22.5 хувийг эзэлж байна. Алба хаагчид дээрх хугацаанд 459 эрдэнэт хүний амь нас, төр хувийн хэвшлийн 31.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Аюулт үзэгдэл, ослын дүн мэдээнээс харахад гал түймэр хамгийн олон буюу 428 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт тохиолдлын 59 хувийг, зам тээврийн осол, цас, шавар, ус элсэнд суусан, төөрсөн сураггүй болсон зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой осол 169 удаа буюу 23.0 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл нийт тохиолдлын 82.0 хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байна. Энэ нь цаашид хүний санамсар болгоомжгүй үйлдлээс гардаг аюул, ослын эрсдэлийг бууруулах, иргэд, олон нийтийн хандлага, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд 1,9 сая толгой мал өвөлжиж байгаагаас 59 мянга нь оторлож байна. Нийт малчин өрхийн 4,2 хувь нь отроор явж байна. Түүнчлэн малчин өрхийн хувийн бэлтгэл 90,2%, мал аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 88,3% ханган ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой комисс танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн хувьд зудын гамшигт өртөх байдал 16 баг “Дунд”, 29 баг “Их”, 14 баг “Маш их” түвшинд байгаа бол ганд өртөх байдал “Маш их” түвшинд 5 баг, “Их” түвшинд 47 баг хамаарч байна. Эрсдэлийн үнэлгээгээр өртөх байдал маш их, их гэж үнэлэгдсэн аюулт үзэгдлийн төрлөөр цаашид эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн онцоллоо.