Тагнуулч Жеймс Бондын франчайз эрхийг Amazon компани эзэмшихээр боллоо


Английн тагнуулч, 007 Жеймс Бондын тухай кино цувралын франчайз эрхийг Америкийн Amazon компани эзэмшихээр болжээ. Тагнуулч Жеймс Бондын цувралыг продюсер Альберт Брокколи 1962 оноос анх эхлүүлж байсан бөгөөд удалгүй түүнийн охин Барбара Брокколи, дагавар хүү Майкл Ж.Уилсон нар эрхийг нь эзэмших болсон юм. Тэгвэл пүрэв гарагт Барбара Брокколи, Майкл Ж.Уилсон нар франчайз эрхээ Amazon компанид шилжүүлэн өгч байгаагаа албан ёсоор зарлан мэдэгджээ. Тэд хамтарсан мэдэгдэлдээ франчайзын хамтран эзэмшигч гэж явах боловч бүх эрх мэдлийг Amazon MGM Studios-т шилжүүлж байгаа гэсэн байна. Өдгөө 83 настай Майкл Ж.Уилсон хэлэхдээ, 60 орчим жил Жеймс Бонд цувралыг үргэлжлүүлэн авч явсан замналаа өндөрлөж, цаашдаа дүрслэх урлаг болон хандивын үйлсэд өөрийгөө зориулах болно гэсэн бол 64 настай Барбара Брокколи ч мөн өнгөрсөн хугацаанд гайхалтай уран бүтээлчидтэй ойр хамтран ажиллах боломж олдсоноо дурьдаж, Жеймс Бондыг цаашид үргэлжлүүлэх эрхийг итгэлтэй түншдээ шилжүүлэн өгөхөөр шийдсэнээ хэлжээ. Amazon компани 2022 онд Жеймс Бондын толгой студи болох MGM студийг худалдан авч, Amazon MGM Studios болгон өөрчилж байсан ба Жеймс Бонд франчайзын эрх ийнхүү тус студид шилжин ирж, бүрэн хяналтанд нь орохоор боллоо. Одоогоос 4 жилийн өмнө жүжигчин Дэниэл Крейгийн Жеймс Бондын дүрд эцсийн удаа тоглосон, тус цувралын 25 дахь анги болох “No Time To Die” кино дэлгэцнээ гарснаас хойш уг цувралын хувь заяа хаашаа эргэх бол гэсэн хүлээлт кино сонирхогчид болон салбарынхны дунд байсан юм. Ийнхүү Amazon компани алдарт тагнуулч Жеймс Бондын цувралыг цааш нь хэрхэн яаж үргэлжлүүлэх шийдвэрийг гаргахаар болж байна. Дараагийн тагнуулч 007-оор тодрох жүжигчдээр Жеймс Нортон, Аарон Тэйлор-Жонсон, Тео Жеймс нар нэрлэгдээд байгаа ч одоогоор батлагдсан шийдвэр хараахан гараагүй байгаа юм. Гэвч гол дүрийн сонголт байтугай ээлжит шинэ ангийн тов ч гараагүй, бүх зүйл тодорхойгүй хэвээрээ байгаа билээ. Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос пүрэв гарагт өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа “Дараагийн Бондоор та хэнийг сонгох байсан бэ?” гэсэн асуултыг нийтлэн оруулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *