Трампын засаг захиргаа Нью-Йорк хотын түгжрэлийн хураамжийн төслийг зогсооно


АНУ-ын Нью-Йорк хотын төвийн хэсгийн тодорхой байршлуудад нэвтрэхэд төлбөр төлж буй, хэрэгжүүлж эхлээд удаагүй байгаа түгжрэлийн хураамжийн төслийг зогсоох болно хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны зүгээс мэдэгджээ.

Трампын засаг захиргааны зүгээс хот руу орох хурдны замуудыг хуулийн дагуу холбооны засгийн газар эзэмшдэг гээд энгийн ажилчин ангийн оршин суугчдаас шударга бус байдлаар хураамж авч байна гэсэн үндэслэлээр түгжрэлийн хураамж цуглуулж буй уг маргаантай төсөл хөтөлбөрийг цуцлах болно гэжээ.АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа “ТҮГЖРЭЛИЙН ХУРААМЖИЙГ ЦУЦАЛНА. Манхэттэн болон Нью-Йорк хот бүхэлдээ АВРАГДЛАА. ХААН ҮҮРД ОРШИХ БОЛТУГАЙ” гэсэн хурц нийтлэлийг оруулсан байна. Ийнхүү Нью-Йорк хотын хамгийн түгжрэл ихтэй төвийн дүүргийн тодорхой хэсгүүд рүү нэвтрэхэд хураамж цуглуулж, цугларсан төсвийг хотын хуучирсан нийтийн тээврийн системийг шинэчлэхэд зориулах зорилт бүхий өнгөрсөн сараас эхлүүлээд байгаа тус хөтөлбөрийг Трампын засаг захиргаа цуцлахаа мэдэгдсэн бол Нью-Йорк мужийн захиргааны зүгээс Трампын эсрэг тэмцэх болно хэмээн мэдэгджээ. Нью-Йорк мужийн амбан захирагч Кэти Хочул “Бид эзэн хаанд захирагддаг биш, хууль дүрэмд захирагддаг үндэстэн улс. Шүүхэд уулзая” хэмээн хэлсэн байна. Кэти Хочул мөн түгжрэлийн хураамжийн хөтөлбөр үргэлжлэх болно гэдгийг ширүүхэн мэдэгдсэн юм. Нью-Йорк муж болон хотын албаныхны зүгээс хэвлэлийн бага хурал зохион байгулж, энэ үеэрээ уг төсөл хөтөлбөр нь эхэлсэн сардаа хотын түгжрэлийг 9%-иар, автын ослыг 50%-иар тус бүр бууруулж, хотын оршин суугчдын метро, автобус зэрэг хувийн автомашинаас бусад тээврийн хэрэгслийг сонгож зорчих хэрэглээг нь нэмэгдүүлсэн хэмээн мэдэгджээ.Түгжрэлийн хураамжийн хөтөлбөрийн дагуу Манхэттэн дүүргийн 60 дугаар гудамж руу нэвтрэх машинуудаас хэмжээнээс нь хамаараад дунджаар 9 ам.долларын хураамжийг ажлын өдрүүдэд үүрийн 5-аас үдшийн 21 цагийн хооронд, амралтын өдрүүдэд өглөөний 9-өөс оройны 21 цагийн хооронд авч байгаа юм. Харин АНУ-ын шинэ Зам тээврийн төрийн нарийн бичгийн дарга Шон Даффи Нью-Йорк мужийн захирагч К.Хочулд нот бичиг илгээж, үүндээ уг түгжрэлийн хураамжийн хөтөлбөрийн зөвшөөрлийг хүчингүй болгож байгаагаа мэдэгдэж, хураамж цуглуулах явдлыг зогсоож цуцлах тал дээр эрх баригчидтай хамтран ажиллана гэдгээ давхар мэдэгдсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *