Ватикан: Ромын Пап Францист бөөрний асуудал үүсэж, эрүүл мэндийн нөхцөл байдал нь “ноцтой” байна


Ромын Пап Францисын эрүүл мэндийн байдал “ноцтой” байгаа ч амьсгалын замын халдварын асуудал нь намжсан хэмээн ням гарагт Ватиканы зүгээс мэдэгджээ.

Түүнчлэн католик шашны тэргүүнд хийсэн цусны шинжилгээгээр “зөөлөн хэлбэрийн, эхэн үедээ явж байгаа бөөрний өвчлөл” байгааг тогтоож, “одоогийн байдлаар хяналтанд аваад байгаа” талаар Ватиканаас мэдээлсэн байна.

Ромын Пап Францист өндөр-урсгал бүхий хүчилтөрөгчийн эмчилгээ хийж байгаагаас гадна мөн цус сэлбэх эмчилгээ хийлгэсэн ажээ.

Хэдийгээр ийнхүү төрөл бүрийн эмчилгээ хийлгэж байгаа ч гэсэн Ромын Пап ням гарагийн өглөөний шүтлэгтэн олны мөргөлд оролцсон байна. Түүнд эрүүл энхийг хүссэн олон зуун хүн Ватиканы төв талбайд цугларч, ариун мөргөлд оролцжээ. Түүнчлэн түүний төрөлх Аргентин улсаас эхлээд Египетийн Кайр хот дахь Исламын суннит шашны сүм гээд дэлхийн өнцөг булан бүрээс түүнд эрүүл энхийг хүсэж байна.

Өнгөрсөн бямба гарагт Францисын амьсгалын замын өвчин хүндэрлээ хэмээн мэдээлж байсан бол ням гарагт ийнхүү амьсгалын замын өвчин намжсан ч бөөрний асуудал илэрснийг мэдээллээ.

Гэхдээ Ватиканы зүгээс мэдэгдэлдээ Ромын Папын өвчний албан ёсны оношийн талаар огт мэдээлээгүй, зөвхөн “эрүүл мэндийн нөхцөл байдал нь олон өвчин давхцсан ярвигтай байгаа” тэл оношийг нэрлэх боломжгүй гэсэн тайлбар хийжээ.

Аргентин гаралтай Ромын Пап Францис нь анхны латин америк гаралтай католик шашны тэргүүн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *