В.Зеленский Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлсэн тохиолдолд ерөнхийлөгчийн албаа өгөхөд бэлэн гэв


Украины ерөнхийлөгч В.Зеленский улс эх орондоо энх тайвныг авчирч чадсан тохиолдолд өөрийн албан тушаалаасаа буухад бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ.

Өнөөдөр буюу 2-р сарын 24-ний өдөр Орос Украин руу түрэмгийлэн халдсаны 3 жилтэй золгож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Украины ерөнхийлөгч ням гарагт Киев хотноо хэвлэлийн бага хурал хийсэн байна.

Хурлын үеэр түүнээс Украинд ерөнхийлөгчийн сонгууль явуулах шаардлагатай юу гэсэн асуултанд тэрээр “эх орондоо энх тайвны авчирч чадсан тохиолдолд би албан тушаалаа өгөхөд бэлэн байна, түүнчлэн Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлсний хариуд би ерөнхийлөгчийн албан тушаалаас буухад бэлэн байна” гэж хариулжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп В.Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” хэмээн цоллон нэрлэж, Украин улсад ерөнхийлөгчийн сонгууль явуулах шаардлагатай гэсэн билээ. В.Зеленский Трампын дээрх мэдэгдэлд гомдож, тунирхаагүй гэдгээ ням гарагийн хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

2019 оны 5-р сард ардчилсан зарчмаар явагдсан сонгуульд ялалт байгуулсан В.Зеленскийн 5 жилийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны 5-р сард дуусгавар болсон ч 2022 оны 2-р сард Оросын түрэмгийлэн довтолсон явдлаас хойш Украин улсад дайны онц байдлын хууль үйлчилж байгаа учраас хуваарьт сонгуулиуд цуцлагдсан юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр мөн Украины байгалийн баялаг, газрын ховор элементийг олборлох эрхийг эзэмших АНУ-ын санал, төлөвлөгөөний талаарх асуултанд тэрээр Вашингтоны зүгээс танилцуулсан анхны төлөвлөгөөнд Украинд гаргаж өгөх аюулгүй байдлын баталгаа багтаагүй байсан хэмээн хариулж, манай улсад гаргаж аюулгүй байдлын баталгаа л хамгийн чухал гэдгийг онцолжээ. Мөн тэрээр Америкийн компаниудын ашиг сонирхол өндөр байгаа хэрнээ яагаад Украинд цэргээ илгээж чадахгүй байгаа талаар АНУ-аас асуусан гэдгээ хэлж, одоогоор асуултынхаа хариуг аваагүй л байна гэжээ.

В.Зеленский мөн Трампын тухай ярихдаа АНУ-ын ерөнхийлөгчийг Украин улсын түнш холбоотон байгаасай, Киев-Москвагийн зуучлагч төдийхнөөр хоёр талын харилцааг дуусгахыг хүсэхгүй байгаагаа мөн илэрхийлсэн байна.  

Европ болон дэлхийн удирдагчид Украинд дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлж, аюулгүй байдлын баталгаа үзүүлэх асуудлыг хэлэлцэхээр даваа гарагт Киевт уулзахаар болсон байна. Испанийн ерөнхий сайд Педро Санчез, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен зэрэг олон улсын удирдагчид уулзалтанд оролцохоор болжээ. Түүнчлэн Францын ерөнхийлөгч Э.Макрон даваа гарагт Вашингтонд айлчилж, Д.Трамптай уулзах үеэрээ Украины дайны асуудлаар хэлэлцэхээр болсон байна. Эрүүл мэндийн байдал нь хүндэвтэр байгаа Ромын Пап Францис мөн Украины дайн 3 дахь жилтэйгээ золгож байгаа явдлыг “нийт хүн төрөлхтний хувьд аймшигтай, бас ичмээр үйл явдал” хэмээн мэдэгдсэн байна.

Энэ үеэр дайн үргэлжилсээр байгаа бөгөөд ням гарагт ОХУ өнгөрсөн хугацаан дахь хамгийн том дроны цохилтыг үзүүлсэн талаар Украины эрх баригчид мэдээлсэн юм. Оросын олон зуун дроны цохилтод Украины 13 муж өртөж, ихэнхийг нь агаарт устгасан ч зарим дронууд голцуу дэд бүтцүүдэд цохилт өгч, мөн 3 хүн амь үрэгдсэн байна. Нийслэл Киев хотод 6 цагийн турш агаарын түгшүүр зарлажээ. Оросын довтолгооны дараагаар хэвлэлийн бага хурал хийсэн Зеленский өнгөрсөн долоо хоногт Оросын талаас 1150 дрон, 1400 бөмбөг, 35 пуужин харвасан талаар мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *