Европын Холбоо ОХУ-ын эсрэг 16 дахь удаагийн багц хоригийг баталлаа


ОХУ-ын Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа гэх нэрэн доор халдан довтолсон үйл явдлын 3 жилийн ойтой давхцан Европын Холбооны зүгээс ОХУ-ын эсрэг 16 дахь удаагийн багц хориг арга хэмжээг даваа гарагт баталжээ.

Брюссельд болсон ЕХ-ны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтаар ийнхүү Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээг санал нэгтэйгээр батласан бөгөөд хурлын танхимд Украины туг далбааг мандуулж, дайны түгшүүрийн дохиог хангинуулан, нэг хором дуугүй зогссон бэлгэдлийн шинжтэй үйлдлүүдийг мөн давхар хийжээ.

ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний шинэ багцад “сүүдрийн хөлөг онгоцууд” гэгдэх Оросын нефтийг зөөвөрлөгч, ЕХ-ны гишүүн бус орнуудын 74 ширхэг ачааны усан онгоц, мөн Оросоос ЕХ-нд нийлүүлдэг химийн бодис, хуванцар, резин, хөнгөнцагаан зэрэг тодорхой нэр төрлийн бараа материал, газрын тос болон байгалийн хий боловсруулах үйлдвэрүүдэд үзүүлдэг үйлчилгээ зэрэг багтсан байна.

Түүнчлэн 48 хувь хүн болон 35 байгууллага, аж ахуй нэгжүүд багтсаны дотор ОХУ-ын гадаад худалдааг дэмжиж ажилладаг Энэтхэг, Казахстана, Хятад, АНЭУ, Сингапур, Турк, Узбекистан зэрэг улсуудын компани, аж ахуй нэгжүүд багтсан байна. Үүн дээр нэмээд Оросын 13 банкинд олон улсын төлбөр тооцооны SWIFT системийг ашиглахыг хориглосноос гадна ОХУ-ын төв банкны “Санхүүгийн гүйлгээ, шилжүүлгийн систем”-ийг ашиглаж, хамтран ажилладаг бусад улс орны банк, санхүүгийн  байгууллагуудыг анх удаагаа багтаан оруулсан гэдгээ ЕХ-ны зүгээс онцоллоо.

Мөн ОХУ-ын төрийн болон хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шинэ багц хоригт багтаасны дотор ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Звезда” телевизийн суваг, Eurasia Daily мэдээллийн агентлаг, Лента.ру вебсайт, Крымд байрлалтай NewsFront вебсайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд багтжээ.

Европын Холбоо үүний өмнөх 15 дахь багц хориг арга хэмжээг өнгөрсөн оны 12-р сард зарлаж байсан юм. ЕХ ийнхүү Украины дайн 3 дахь жилдээ орж буй өдөр Украинтай хамт байгаа гэдгээ дахин батлан харуулж шинэ багц хориг арга хэмжээг авсан бол мөн Австрали, Шинэ Зеланд, Их Британи улсууд мөн ОХУ-ын эсрэг шинэ хоригийг тавина гэдгээ мэдэгдээд байна.

Харин Д.Трамп ерөнхийлөгч болсноос хойш байр суурь нь өөрчлөгдөөд байгаа АНУ-ын хувьд эхний ээлжинд дайныг өндөрлүүлэх асуудал дээр анхаарлаа хандуулж байгаа бөгөөд АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухай мэдээлэл гараагүй ч ерөнхийлөгч Д.Трамп болон түүний засаг захиргааны зүгээс ОХУ энхийн яриа хэлэлцээ хийхээс татгалзсан тохиолдолд тус улсын эсрэг хоригийг улам чангатгах асуудлыг ч мөн цухуйлгаж байсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *