Америкийн алдарт R&B дуучин Роберта Флак 88 насандаа таалал төгсжээ.
“The First Time Ever I Saw Your Face”, “Killing Me Softly” зэрэг уран бүтээлүүдээрээ алдартай дуучин Роберта Флак 2-р сарын 24-ний өдөр таалал төгссөн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэл гарган мэдээлсэн байна. Уг мэдэгдэлд түүнийг гэр бүлийнхээ хүрээлэл дунд тайван амгалан нойрссон гэжээ.
Дуучинг хүнд өвчтэй болж, дуулж чадахаа больсон талаар 2022 онд мэдээлж байсан юм.
Роберта Флак 1937 онд АНУ-ын Хойд Каролина мужид мэндэлж, 15 настайдаа Ховардын их сургуулийн тэтгэлэг авч, төгөлдөр хуурч мэргэжлээр суралцаж төгсөн, улмаар төгөлдөр хуурын багш болж байсан ч мөн бусад цагаараа жазз хөгжмийн клубуудэд орчин үеийн хөгжим тоглодог байсан нь түүнийг уран бүтээлийн гараагаа эхлэхэд нөлөөлсөн ажээ. Гэвч тэрээр төдийлөн амжилт ололгүй явж байгаад 30 гарсныхнаа дараа амжилтанд хүрч байсан юм.
Тэрээр 1971 онд дэлгэцнээ гарч байсан “Play Misty For Me” киноны дуу болох “The First Time Ever I Saw Your Face” бүтээлээрээ анх алдаршиж, тухайн жилийнхээ Грэмми наадмаас “Оны шилдэг дуу” шагналыг хүртэж байсан бол дараа жил нь мөн дээрх шагналыг өөрийнхөө хамгийн алдартай дуу болох “Killing Me Softly With His Song” дуугаараа хүртэж байсан түүхтэй.
1970-аад оны дундаас тэрээр тайзан дээрх тоглолтуудад оролцохоо больж, дуу бичлэг болон хандивын үйл ажиллагаанд оролцох болсон бол 1980-аад онд ихэвчлэн аялан тоглолтод оролцож, мөн бусад уран бүтээлчидтэй хамтран ажилласан байдаг.
Роберта Флак уран бүтээлийн замналынхаа туршид нийт 17 бүрэн хэмжээний студийн цомог гаргаж байсан бөгөөд түүний хамгийн сүүлд 2012 онд гаргасан “Let It Be Roberta” цомог нь дан Beatles хамтлагийн ковер дуунуудаас бүрдсэн цомог юм.
Роберта Флакыг цус харваснаас нэг жилийн дараагаар буюу 2020 онд Грэмми наадмаас түүнд хүндэтгэлийн шагналыг гардуулан өгч байсан билээ.
Түүний хамгийн алдартай “Killing Me Softly With His Song” дууг 1996 онд The Fugees хамтлаг коверлон “Killing Me Softly” нэртэйгээр гаргаж, тухайн жилдээ олон улсын чартуудыг тэргүүлж, Грэмми шагнал хүртэж байсан билээ.