Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Б.Ариунзултай ярилцлаа.
–АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэрүүд үндэсний эрх ашигт нь нийцсэн, аминчхан, сөргөлдөгч бүх талтай төдийгүй хөршүүд, холбоотнуудтайгаа хүртэл зөрчилдөх тогтворгүй, таамаглашгүй мэт буйг шинжээчид онцолж байна. Түүний бодлого чухам юунд чиглэж, юунд хүргэх вэ гэдгээс ярилцаж эхэлье?
-АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Америк эн тэргүүнд” хэмээн зарлаж, үндэсний эрх ашгийг хамгаалах хүрээнд шийдэмгий алхмууд хийж байгааг энд дурдаж болно. Тэрээр нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш сар гаруйн хугацаанд бодлогын томоохон өөрчлөлтүүд хийж, үүн дотроо холбоотнуудтайгаа хүртэл тэрсэлдээд амжсан. Трамп мэдэгдэлдээ Америкийг дахин аюулгүй болгоно гээд хилээ хамгаалж, Америкийн ард иргэдийг хамгаалахын тулд зоригтой алхам хийнэ, Америкийг дахин эрчим хүчний давамгайлагч гүрэн болгохын тулд уур амьсгалын хэт туйлшралын бодлогыг зогсооно, Парисын хэлэлцээрээс гарна, Америк нэн тэргүүнд худалдааны бодлого хэрэгжүүлнэ, төрд нүүрлэсэн намаг балчгийг арилгана, Америкийн үнэт зүйлийг сэргээнэ гэх мэтээр тунхагласан. Энэ хүрээнд гаргасан зарим шийдвэр, тухайлбал, АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгох эсэх тухай болон цагаачлалын асуудлын хүрээнд гаргасан шийдвэрүүд нь АНУ-д олон жил ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж магадгүй юм. Энд зөвхөн тарифыг дурдахад, хоёрдугаар сар гарсаар “Америк эн тэргүүнд” бодлогынх нь хүрээнд хийж байгаа Трампын худалдааны тарифтай холбоотой мэдээлэл,шуугиан тасарсангүй. Тэрээр хоёрдугаар сарын 1-нд Канад, Мексикээс импортлох бүх бараанд 25 хувь, Хятадаас импортлох бүх бараанд 10 хувийн нэмэлт тариф тогтоосон. Гэхдээ Д.Трамп Мексикийн ерөнхийлөгч КлаудиаШэйнбаум болон Канадын ерөнхий сайд Жастин Трудау нартай утсаар ярилцаж, Мексик, Канад хилийн хяналтаа сайжруулж, хууль бус цагаачлал болон фентанолын урсгалыг хатуу хянахаар тохиролцсоны дараа тарифын хүчин төгөлдөр хэрэгжих хугацааг 30 хоногоор хойшлуулсан.
–Трамп Хятад, Америкийн “худалдааны дайн”-ыг улам даамжруулах шийдвэрүүд гаргаж буй. Эндээс харахад, Америкийн удирдагч хоёр дахь засаглалынхаа хугацаанд Хятадын эсрэг бодлогоо зөөлрүүлэхгүй бололтой. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Трамп ерөнхийлөгчөөр ажилласан эхний үеэсээ л Хятадтай “худалдааны дайн” хийж, худалдааны алдагдлаа нөхөхийг оролдож ирсэн. Тэрээр 2017 онд Хятадын дарга Си Жиньпинтэй уулзаж, худалдааны тэнцвэргүй байдлын талаар хэлэлцэж, улмаар 2018-2019 онд удаа дараалан Хятадаас импортоор орж ирэх тодорхой бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, Хятад ч хариу арга хэмжээ авснаар хоёр орны хооронд “худалдааны дайн” үргэлжилсэн. Хоёр орон 2020 онд худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурснаар харьцангуй намжсан. Энэ хугацаанд Америк 350 тэрбум ам.долларын импортод тариф ногдуулж, хариу арга хэмжээ болгож Хятад 100 тэрбум ам.долларын татвар ногдуулсан байдаг. Мөн Ж.Байдены Засгийн газрын үед ч Хятад руу нийлүүлэх бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах шийдвэрүүд гарсаар байсан. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард Хятад Америкийн хагас дамжуулагчийг худалдан авч, үйлдвэрлэлд ашиглах, цаашилбал хиймэл оюун ухааныг цэргийн зориулалтаар хөгжүүлж АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэхээс сэргийлж чип үйлдвэрлэх тоног төхөөрөмж, программ хангамж, санах ойн чипний экспортод хязгаарлалт тавьж, хариуд нь Хятад галий, Германы сурьма зэрэг газрын чухал ашигт малтмалыг АНУ-д экспортлохыг хориглож байв. Иймд АНУ-Хятадын худалдааны дайн 2020 онд харьцангуй зөөлөрсөн ч бүрэн намжаагүй, тодорхойгүй байдалтай байсан гэж харж байна. Трампын хувьд гадаад худалдааны алдагдал Хятадтай хийсэн худалдаанд хамгийн их байдаг, мөн Хятадын хямд бараа бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд гарч байгаа нь дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа гэж үзэж байгаа тул “Хятадыг буруутгах” нь үргэлжлэх төлөвтэй. Мөн Трампын шахалтаар Панам Хятадын “Бүс ба зам” санаачилгаас гарлаа. Ийнхүү тарифын болон тарифын бус аргаар Хятадыг шахах бодлого үргэлжилсээр байгаа нь харагдана. Нөгөө талаас Трамп Америк, Хятадын хооронд худалдааны шинэ хэлэлцээр байгуулах боломжтой гэж хоёрдугаар сарын 19-ний өдөр хэлсэн. Хоёр удирдагчийн аливаа яриа хэлцэл, уулзалт нь Хятадад ногдуулах Америкийн худалдааны тарифыг бууруулах, эсвэл хойшлуулахад чухал ач холбогдолтой гэдгийг тэрээр хэлсэн үгэндээ онцолсон. Иймд хоёр улс хэлэлцээрийн ард хэрхэн тохиролцож чадахаас хамаарах болов уу.
–АНУ, Хятадын хоорондын зөрчилдөөнт байдлын нөлөө Монгол Улсад хэрхэн тусна гэж та бодож байна вэ. Монгол Улс бодлогын түвшинд юун дээр анхаарах зайлшгүй шаардлагатай вэ?
-АНУ-ын тарифын хариуд Хятадын талаас мөн арга хэмжээ авсны нэг нь АНУ-аас орох нүүрс, шингэрүүлсэн байгалийн хийн бүтээгдэхүүнд 15 хувийн тариф, түүхий газрын тос, ХАА-н машин механизм, хөдөлгүүрийн хүчин чадал сайтай автомашин зэрэг бүтээгдэхүүнд 10 хувийн тариф ногдууллаа. Чулуужсан түлшний хэмжээгээр авч үзвэл, АНУ-ын импорт нь 2023 онд Хятадын гадаад зах зээлээс авсан түүхий газрын тосны 1.7 хувийг л эзэлсэн. Тэгэхээр энэ хэмжээний чулуужсан түлшний Хятад руу орох импортын өртөг нэмэгдэнэ. Гэхдээ зах зээлд эзлэх хувь хэмжээ нь бага тул манай нүүрсний хэмжээнд үүнээс шалтгаалсан өсөлт бууралтын нөлөө бага байна. Харин дэлхийн орнууд харилцан тарифаа нэмж, үүнээс шалтгаалж хөрөнгийн зах зээл дээр хэлбэлзэл үүсэх, түүхий эд болон бараа бүтээгдэхүүний өртөг нэмэгдвэл өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог улсын хувьд барааны үнэ өсөх, инфляц нэмэгдэхэд хүргэж болно. Манай улсын газар зүйн онцлог байрлал, эдийн засгийн суурь хүчин зүйлээс шалтгаалаад гадаад худалдаанд Хятад, Орос давамгайлдаг. Дэлхийн интеграциас хол, үнэд нөлөөлөх чадваргүй тул бид худалдааны зардлаа бууруулахын тулд тээвэр, логистикоо хөгжүүлэхэд анхаарах нь эн тэргүүний асуудал хэвээр байна.
– Трамп Европын холбоонд 25 хувийн татвар ногдуулахаар сүрдүүлсэн. Тэр худалдааны бодлогоо эргэн харж, хөрөнгө оруулалт хийхэд саад учруулж буй зохицуулалтын тогтолцоог уян хатан болгохыг шаардаж буй. Америк Европын холбооны улсуудтай энэ асуудлаар ойлголцолд хүрч чадах болов уу?
-Өмнө дурдсан ган, хөнгөн цагааны импортын тариф болон бусад бараа бүтээгдэхүүний тариф нь Европын Холбооны орнуудад ч адилхан үйлчилж байгаа. Д.Трамп хоёрдугаар сарын 13-нд АНУ-д импортын татвар ногдуулдаг “улс бүрд” харилцан татвар ногдуулахаар төлөвлөж буйгаа зарласан. Энэ нь тухайн улс АНУ-аас экспортолсон бүтээгдэхүүнд хэдий хэмжээний татвар ногдуулж байна АНУ тухайн орны бүтээгдэхүүнд тийм хэмжээний татвар ногдуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Трампын тогтоож байгаа тарифын зохицуулалтуудад Европын холбооны орнууд мөн багтаж байгаа. Иймээс ч Европын холбооны комиссын ерөнхийлөгч Урсулавон дерЛейен үндэслэлгүй тарифт “шийдэмгий хариу арга хэмжээ авна” гэж удаа дараа мэдэгдэж байна. Гэхдээ Европын холбооны удирдагчид Европын холбоо, АНУ-ын хооронд хэлэлцээр хийх цонх байгаа гэж харж, ДХБ-аар тогтоосон, олон улсын норм дүрмийг сахихыг хүсч, уриалж байгаа нь харагддаг.
–Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард, Германы дэд канцлер Роберт Хабек нар “Бидэнд маш их нөөц байгаа ч бид өөрсдөө хөлөө тушаад байна”, “Трамп эргэн ирсэн нь биднийг зайлшгүй өөрчлөлт хийхэд хүргэж байна” гэж мэдэгдсэн байсан. ЕХ-ны бодлого боловсруулагчид дүрэм журмыг өөрчлөх замаар эдийн засгийн шинэчлэл хийхэд санал нэгдэж байна уу?
-Швейцарийн Давост болсон уулзалтын үеэр Европын Төв банкны ЕрөнхийлөгчКристин Лагард Европын “залхуурал”,эрсдэлийг удирдахаас зайлсхийх үйлдэл нь холбооны эдийн засгийн бууралтад нөлөөлж байгааг шүүмжилсэн. Европын холбооны удирдагчдыг худалдаа, хөрөнгө оруулалт д а х ь с а а д ы г а р и л г а ж нэг зах зээл болох ажлыг гүнзгийрүүлэхийг уриалсан байдаг. Дотоод эдийн засгийн уялдаа холбоогоо сайжруулах, хөрөнгө оруулалтын орчноо л сайжруулахыг хүсч байна гэж харж байна. М а р и о Д р а х и г и й н Европын өрсөлдөх чадварын тайланд Европ Америктай харьцуулахад өсөлтийн хувь бага, инновацийн түвшин сул, эрчим хүчний үнэ өндөр, 2014 оноос хойш батлагдсан шинэ хуулийн тоо хоёр дахин нэмэгдсэн, судалгаа шинжилгээнд бага хөрөнгө оруулсан байгаа нь харагдсан. Тус тайланд үндэслэн судалгаа шинжилгээнд зарцуулах төсвийг ДНБ-ий гурав хүртэлх хувиар нэмэгдүүлэх, 800 тэрбум еврог нэг жилийн дотор эргэлтэд оруулах, холбогдох зохицуулалтыг шинэчлэх, бүхий л санаачилгуудад технологид суурилсан хандлагыг нэвтрүүлэхийг Европын комисс болон улс орнуудын засгийн газарт уриалсан байдаг. Гэхдээ тус тайланд эдгээр ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэх арга зам нь тодорхой бус байгаа нь шүүмжлэл дагуулж байсан. Е в р о п ы н х о л б о о н ы бодлого боловсруулагчдын дунд шинэчлэл хийх эрмэлзэл нэмэгдэж байгаа бөгөөд Европын эдийн засгийн хүндрэлийг холбогдох зохицуулалтууд, дүрэм журмыг бууруулах замаар шийдвэрлэх ёстой гэж үзэх нь ихэсч байх шиг байна. Энэ нь зохицуулалтгүй болгоно гэсэн үг биш, харин зохицуулалтыг илүү энгийн, хүнд суртлаас ангид, үйл ажиллагааг хурдан болгоход чиглэх агуулгатай. Ү ү н д Г е р м а н ы э р ч и м хүчний салбар дахь олон зохицуулалтыг бууруулж, үр ашгийг дээшлүүлснийг жишээ татаж ярьдаг. Гэвч практикт хэрхэн хэрэгжүүлэх дээр бодлого боловсруулагчид харилцан адилгүй ойлголттой байгаа аж.
–Саудын Арабад АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Украины дайныг дуусгавар болгох асуудлын талаар яриа хэлэлцээ хийсэн бол Европын орнуудын төр, засгийн тэргүүн нар Украины асуудлаар байр сууриа нэгтгэхийн тулд Парист уулзсан. Улс төрийн шинжээчид Америк, Европын холбооны улсуудын харилцаа дордож , хагарал гүнзгийрч болзошгүй тул болгоомжлох хэрэгтэйг анхааруулж байна. Нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэх төлөвтэй байна вэ?
– Мюнхены аюулгүй байдлын байдлын бага хурал дээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Европын орнуудын эрх баригчдыг шүүмжилж иргэдийнхээ үг хэлэх эрх, эрх чөлөөг зөрчих, масс цагаачлалыг дэвэргэх, өөрсдийн аюулгүй байдлын асуудлыг АНУ-д хэт дулдуйдаж байгааг мэдэгдсэн. Үүгээр Д.Трампын Засгийн газар НАТО-гийн гишүүний хувьд хамтын аюулгүй байдлаа хангах ачааны хүндийг үүрэхээс татгалзаж, тус эвслийн гишүүн улс бүрд ногдох ачааг нь үүрүүлэх ёстой хэмээх бодлогын шилжилт хийж байгаа дохиог Европын орнуудад өгсөн болов уу. Мюнхены аюулгүй байдлын бага хурлын дараагаар Европын удирдагчид Парист уулзаж, ОХУ, АНУ-ын хоёр талын уулзалтын талаар болон бүс нутгийн аюулгүй байдлын орчин өөрчлөгдөж буй талаар хэлэлцэж, стратегийн бие даасан байдлаа бэхжүүлэх зарим алхам хийхээр болсон. Судлаачийн хувийн байр сууринаас харахад Д.Трампын засаг захиргаа Европын аюулгүй байдал, түүний дотор Украины дайны асуудлыг Ж.Байдены үеийнхээс өөр өнцгөөс харж байгаа нь тодорхой байна. Өмнө нь Трансатлантикийн түншлэл хамтын үнэт зүйл буюу ардчилал, хүний эрхэд тулгуурласан гэгдэж байсан бол Д.Трампын хоёр дахь засаглал эхэлснээр энэхүү харилцаа нь “наймаа”-ны шинжтэй болж, цаашид өмнөх байдлаар үргэлжлэх нь алсдаа аль аль талдаа ашиггүй гэдэг байр суурийг АНУ барьж эхлээд байна. Гэвч үүнийг АНУ Европ дахь аюулгүй байдлын үүргээсээ ухарч байна гэж хэлэхэд арай эрт байна.
Д.Эрдэнэтуяа