Дуучин Кэти Перри Blue Origin компанийн хөлгөөр сансарт ниснэ


Америкийн поп дуучин Кэти Перри Blue Origin компанийн “New Shepard” хөлгөөр сансарт нисэхээр болсон байна. Тэрээр дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багт багтаж, сансарт нисэхээр болжээ.

Тодруулбал, Blue Origin компанийн эзэн, тэрбумтан Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчез, Америкийн CBS телевизийн хөтлөгч Гэйл Кинг, NASA-гийн судлаач, эрдэмтэн Айша Боув, иргэний эрхийн идэвхтэн Аманда Нгуен, кино продюсер Керианн Флинн гэсэн нийгмийн салбар бүрийн төлөөлөл болсон дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багт дуучин Кэти Перри багтжээ.

Blue Origin компанийн зүгээс энэхүү дан эмэгтэйчүүдийн багийг Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчез санаачилж, бүрдүүлсэн болохыг онцолжээ. Түүнчлэн энэхүү нислэг нь 1963 онд ЗХУ-ын сансрын нисгэгч Валентина Терешкова ганцаарчилсан сансрын нислэгийг амжилттай хийж байснаас хойшхи анхны эмэгтэйчүүдийн багийн сансрын нислэг болно гэдгийг ч онцолсон байна.

Одоогийн байдлаар уг нислэгийн тов тодорхой болоогүй байгаа ч Blue Origin компанийн зүгээс сансрын аялал энэ хавар болох болно гэсэн байна. Дуучин Кэти Перри “Lifetimes Tour” хэмээх дэлхийн аялан тоглолтоо 4-р сарын 23-наас 11-р сарын 11-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөчихөөд байгаа юм. Тиймээс түүний сансрын нислэг дэлхийн аялан тоглолтоос нь өмнө болох талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Кэти Перригийн сансарт нисэх NS-31 хэмээх аялал нь Blue Origin компанийн “New Shepard” хөлгөөр сансарт гарах 11 дэх удаагийн багийн аялал, зорчигчтой зорчигчгүй гээд нийтдээ 31 дэх удаагийн нислэг болох ажээ. Түүнчлэн уг хөтөлбөрийг эхлүүлснээс хойш нийт 52 хүн сансарт амжилттай нисэж, аялаад иржээ.

New Shepard хөлгөөр сансарт гарах аялал дунджаар 11 минут үргэлжилдэг бөгөөд ямар ч нисгэгчгүй буюу хөлөг автомат удирдлагаар ажилладаг байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *