Монголын үндэсний бөхийн холбооноос тодорхой тооны барилдаануудыг нэрлэн, чансаа оноо олгож эхэлсэн билээ. Сар шинийн барилдаанд түрүүлсэн улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж эхэллээ. Тэр Цагаан сарын сар өмнө 7-рт эрэмбэлэгдэж байв.
Бөхийн өргөөний намрын нээлтээс хойш чансаа олгох 15 барилдаан болсон юм. О.Хангай аварга үүний 6-г нь өнжиж, 9-д нь барилдаад байна. Цагаан сараар 8 даван түрүүлж, уг чансааг тэргүүлж эхэллээ.
Улсын заан М.Лхагвагэрэл 2-т, начин Д.Амарсайхан 3-т бичигдэж байна. Тэд Сар шинийн өмнө 8, 19-т жагсаж байлаа. Харин улсын начин Ч.Батчулуун, Э.Батмагнай, арслан Ц.Бямба-Отгон, начин Л.Энхсаруул, заан С.Сүхбат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Н.Өсөхбаяр нар топ аравт жагсаж байна. Өмнөх чансаатай харьцуулбал улсын харцага Э.Даш топ аравын жагсаалтаас хасагдаж, Л.Энхсаруул начин шинээр орж ирэв.
Дараагийн чансааны оноо олгох барилдаан энэ сарын 16-нд болно. Монголын үндэсний бөхийн холбооны гаргасан төлөвлөгөөгөөр энэ сард чансааны оноо олгох хоёр барилдаантай.
