Д.Трамп Украинд үзүүлэх АНУ-ын зэвсгийн тусламжийг түр зогсоож, Европ Украинтай хамт гэдгээ дахин баталлаа


Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт явагдсан Украин, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр гарсан маргааны дараагаар Трампын засаг захиргаа Украинд үзүүлэх АНУ-ын зэвсгийн тусламжаа түр зогсоохоор болсон тухай барууны хэвлэлүүд мэдээллээд байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украинд үзүүлэх Америкийн зэвсгийн тусламжийг түр зогсоох тушаалыг гүйцэтгэх үүргийг Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Пит Хэгсетэд даалгаж, түүний энэхүү тушаал Украины эрх баригчид ОХУ-тай энхийн гэрээ байгуулах тал дээр “нааштай, сайн санааны үндсэн дээр шийдвэр гаргах” хүртэл үргэлжлэх болно гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах департаментын удирдах албан тушаалтны хэлснийг Bloomberg гэх зэрэг Америкийн хэвлэл мэдээллийн агентлагууд эш татан мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр одоогийн байдлаар Украины нутаг дэвсгэрт хүрч очоогүй байгаа бүх зэвсгийн тусламжийг зогсоохоор болсон ба үүнд агаар болон далайн тээврээр Украиныг чиглэн явж байсан зэвсэг техникүүд болон Польшийн хил гааль дээр хүлээгдэж байсан зэвсгүүд бүгд багтаж байгаа ажээ.

Эргэн сануулахад өнгөрсөн баасан гарагт Цагаан ордон дахь Трамп, Зеленский нарын уулзалтын үеэр Украины ерөнхийлөгчийн өмссөн хувцасны талаар асуусан сэтгүүлчийн асуултаас үүдсэн маргааны улмаас Зеленский Цагаан ордонг цагаасаа эрт орхин явж, хоёр улсын хооронд байгуулагдахаар болоод байсан газрын ховор элементийн гэрээ цуцлагдаад байгаа билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд бичихдээ, АНУ-ын зуучилж байгаа энхийн гэрээнд Зеленский эргэлзэж байгаа явдлыг АНУ “хүлээж авахгүй” гэдгийг цохон тэмдэглэхийн сацуу мөн хэдийгээр Киевт бухимдаж байгаа ч Украинтай газрын ховор элемент олборлох салбарт хамтран ажиллах гэрээний санал нээлттэй хэвээрээ байгаа гэдгийг цухас мэдэгдсэн байна.

Ийнхүү АНУ Украинаас улам л холдсоор байгаатай зэрэгцээд Европын улс орнууд Украинтай хамт гэдгээ дахин батлаж, өнгөрсөн ням гарагт Их Британийн нийслэл Лондон хот дахь засгийн газрын байранд “Хамтын ирээдүйгээ хамгаалья” гэсэн нэрэн доор Европын удирдагчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Лондоны чуулга уулзалтын үеэр Францын ерөнхийлөгч Э.Макрон Европын улс орнуудыг батлан хамгаалах салбарын төсвөө ДНБ-ий 3-3.5 хувид хүргэж нэмэгдүүлэхийг санал болгосон бол Их Британийн ерөнхий сайд Кир Стармер 2027 он гэхэд батлан хамгаалахын зардлаа 2.5 хувь болгон нэмэгдүүлэхээ хэдийнээ зарлачихсан байсан юм. Мөн Их Британи улс Украинд батлан хамгаалахын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нь зориулж 2.26 тэрбум фунтын зээл олгохоор болсноос гадна чуулга уулзалтын дараагаар Украинд 5000 ширхэг агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай пуужин худалдаж авахад нь зориулж ахин 1.6 тэрбум фунтын тусламж үзүүлэхээр болсноо зарлажээ.

Ийнхүү ЕХ-ноос гарах БРЕКСИТ-ийн санал асуулгыг явуулснаас хойш 8 жил гаруйн дараагаар Их Британи улс Европын аюулгүй байдлын төлөөх талбарт манлайлан гарч ирээд байна. Тэгээд зогсохгүй Украины дайныг өндөрлүүлэх энхийн гэрээг баталгаажуулахын тулд Европ болон АНУ-ын хоорондох “гүүр” болж, зуучлагчийн үүргийг давхар гүйцэтгэх ажлыг Их Британи улс эхлүүлэн үргэлжлүүлсээр байна.

Өнгөрсөн ням гарагт явагдсан Лондоны чуулга уулзалтын төгсгөлд Их Британийн ерөнхий сайд Кир Стармер Украины хүчин чадлыг бэхжүүлж, мөн энх тайвныг тогтооход чиглэгдсэн 4 үе шаттай төлөвлөгөөний үндсэн зарчим, загварчлалыг танилцуулсан юм. Тэдгээр нь:

-Орос, Украины зөрчилдөөн үргэлжилж байгаа нөхцөлд Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа зогсолтгүй үргэлжлүүлж, ОХУ-д үзүүлэх эдийн засгийн дарамт шахалтаа нэмэгдүүлэх;

-аливаа энхийн яриа хэлэлцээнд Украин улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд урт хугацааны баталгаа гаргаж өгсөн байх ёстой гэдгийг заавал баталгаажуулах;

-энхийн гэрээ байгуулах явцад “Оросын ирээдүйн боломжит түрэмгийллээс” сэргийлэх;

-Украин улсын аюулгүй байдлыг хариуцан хамгаалж, тус улсад энхийг сахиулах “сайн санааны эвслийн хүч”-ийг байгуулах гэсэн 4 үе шатыг төлөвлөгөөндөө багтаажээ.

Ням гарагийн чуулга уулзалтыг Европын удирдагчид сайшаан хүлээн авсан юм. НАТО-гийн ЕНБД Марк Рютте Лондоны чуулга уулзалтыг “сайн арга хэмжээ” болсон гээд, “Европын улс орнууд Украины тэмцлийг эцсээ хүртэл дэмжсээр байх болно” хэмээн хэлсэн бол зохион байгуулагч Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер чуулга уулзалтыг “Европын аюулгүй байдлын томоохон арга хэмжээний нэг” боллоо хэмээн онцолжээ.

Хэдийгээр энэхүү чуулга уулзалт нь Украин төдийгүй Европын аюулгүй байдлын төлөө хийж буй нэг алхам болсон ч энхийг сахиулах хүрээнд Украинд өөр улс орны цэрэг оруулах асуудал дээр  Европын удирдагчид санал зөрөлдсөн хэвээрээ байсаар байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *