Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, Тайванийн TSMC компани АНУ-д 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласныг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ.
Д.Трамп даваа гарагт Цагаан ордонд TSMC компанийн гүйцэтгэх захирал С.С.Вэй-тэй хамт дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тэрээр хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч тус компанийг Америкт үйлдвэрээ байгуулж, “хиймэл оюуны технологи болон бусад салбар дахь Америкийн ноёрхлыг улам нэмэгдүүлэхэд” дэмжлэг үзүүлэх болно гэжээ.
Түүнчлэн Трамп хагас дамжуулагчийг хиймэл оюуны технологиос эхлээд автомашин, орчин үеийн дэвшилтэт аж үйлдвэрлэл зэрэг бүхнийг хөдөлгөгч, “21 дүгээр зууны эдийн засгийн гол тулгуур” хэмээн нэрлэн тодорхойлсон байна. Тэрээр хэлэхдээ, “бид энд Америкт чип болон хагас дамжуулагч үйлдвэрлэх хүчин чадалтай байх ёстой, Америкийн үйлдвэрүүд Америк мэдлэг чадва, туршлага бүхий Америкийн ажиллах хүчинтэй байх ёстой” гэжээ.
Төгсгөлд нь тэрээр TSMC компанийг ойрын 4 жилийн хугацаанд АНУ-д 100 тэрбум ам.долларын томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснийг хэлсэн байна. Тус компани нь Nvidia, Apple гэх зэрэг Америкийн технологийн томоохон компаниудад хагас дамжуулагч нийлүүлж, хамтран ажилладаг юм.
TSMC компанийн зүгээс өнгөрсөн оны 4-р сард АНУ-ын Аризона мужид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад зориулж 65 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Харин Д.Трампыг ерөнхийлөгчийн албандаа орж, чипний импортод нэмэлт тариф ногдуулна хэмээн сүрдүүлсний дараагаар салбартаа тэргүүлэгч Тайванийн TSMC компани ийнхүү өмнөхөөсөө ч илүү хөрөнгө оруулалтыг АНУ-д хийх шийдвэр гаргаж, татвараас зайлсхийх үүднээс АНУ-д хагас дамжуулагчийн үйлдвэр барьж байгуулахаар болоод байна.
АНУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Ховард Лутник ч мөн дээрхтэй ижил утгатай зүйлийг хэлсэн байна. Тэрээр TSMC компанийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, үйлдвэр байгуулахаар болсон шийдвэр нь татвараас зайлсхийж байгаа явдал гээд олон улсын бусад томоохон компаниудад хандан “Америкт ирж, агуу бүтээн байгуулалтыг Америктай хамт хийцгээе” хэмээн уриалжээ.