Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн захирал Ж.Болорцэцэг, багш Д.Золзаяа, Л.Энхтуяа, Д.Энхтуяа, О.Байгалмаа, Э.Эрдэнэлхам, Б.Урангоо нар хамтран хуйлмал ном бүтээжээ. Нийт 21 м урт энэ номонд 15 шүлэг, найраглалыг бүрэн эхээр багтаасан байна.
Монгол бичгийн эвхмэл хэлбэр нь дугуй, дөрвөлжин, угалзан эвхмэл гэсэн төрлүүдтэй. Дөрвөлжин эвхмэл бичгийг гол төлөв тамга, тэмдэг, хаяг, зарлиг, захирамж зэрэг бичиг хэргийн зүйлд, дугуй, угалзан эвхмэл бичгийг гоёл чимэглэлд өргөн хэрэглэж иржээ. Эвхмэл бичиг нь үсэг бүрийг эвхэн бичих дүрмээр эвхэгдэн бичигдэхээс гадна уран бүтээлчийн онцлог, дүрслэн бодох сэтгэлгээтэй салшгүй холбоотой байдаг.