Энэ долоо хоногийн даваа гарагт 2025 оны Дэлхийн үүрэн холбооны чуулган, үзэсгэлэн яармагийн арга хэмжээ Испанийн Барселона хотноо нээгдэн, үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
Үүрэн холбоо, гар утасны салбарын томоохон үзэсгэлэн яармагт тооцогддог “Mobile World Congress” арга хэмжээнд салбарын манлайлагчид, бодлого шийдвэр гаргагчид, технологийн тэргүүлэгчид, үйлдвэрлэгчид оролцдог бөгөөд энэ жилийн чуулган болон үзэсгэлэн яармагийн арга хэмжээ нь 5G, хиймэл оюун ухааны технологи болон үүрэн холбооны бусад дэвшилтэт технологиудыг онцолж байна.
Дөрвөн өдөр үргэлжлэх энэ жилийн арга хэмжээ Барселона хотын Фира Гран Виа хэмээх томоохон үзэсгэлэн яармагийн цогцолборт “Тэмүүлэл, Холбоо, Бүтээмж” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Их Британийн нийслэл Лондон хотноо төвтэй, дэлхийн 750 гаруй үүрэн холбооны операторуудыг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн үүрэн холбооны операторуудын эрх ашгийг төлөөлдөг олон улсын ашгийн бус GSMA холбооны зүгээс уг арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд үүрэн холбоо, гар утас, 5G сүлжээний уялдаа холбоо, шилжилтийг энэ жил онцолж байгаа ажээ.
Тус холбооны тэргүүн Мэтс Гранрид хэлэхдээ огцом хурдтай явагдаж байгаа дэлхийн үүрэн холбооны 5G сүлжээнд хэдийнээ 2 тэрбум хэрэглэгч холбогдоод байгааг онцолжээ.
Түүнчлэн GSMA холбооны зүгээс 2025 оны дэлхийн үүрэн холбооны зах зээлийн тайланг гарган танилцууллаа. Тус тайланд үүрэн холбооны технологи болон үйлчилгээний зах зээл 2024 оны олон улсын ДНБ-ий 5.8 хувийг дангаараа эзэлж, нийт хэмжээ нь 6.5 их наяд ам.доллароор хэмжигдсэнийг онцолж, энэ тоо хэмжээ 5G болон хиймэл оюуны технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр 2030 он гэхэд 8.4 хувь буюу 11 их наяд ам.долларт хүрнэ гэсэн хэтийн төлөвийг танилцуулжээ.
2025 оны Дэлхийн үүрэн холбооны чуулган, үзэсгэлэн яармагт 2,800 орчим байгууллага, аж ахуй нэгж оролцож, 1200 илтгэгч илтгэл тавьж, 100 мянга гаруй үзэгч ирж, үзэж сонирхоно гэсэн тоог зохион байгуулагчдын зүгээс өгсөн байна.