“Parasite” киногоороо Оскарын шагнал хүртэж байсан Өмнөд Солонгосын найруулагч Бон Жүн-хо “Mickey 17” хэмээх шинэ киногоо өнгөрсөн долоо хоногт нээж, тус кино нээлтийн долоо хоногтоо Хойд Америкийн бүсэд ашиг орлогоороо тэргүүлжээ.
Үүгээрээ Өмнөд Солонгос найруулагчийн бүтээл Хойд Америкийн кино театруудад нээгдсэн долоо хоногтоо ашиг орлогоороо тэргүүлсэн анхны киногоор мөн тодорч, давхар амжилт тогтоогоод байна.
Шинжлэх ухааны уран зөгнөлт “Mickey 17” киноны гол дүрүүдэд Роберт Паттинсон, Наоми Акки, Стивен Юн, Тони Коллетт, Марк Руффало зэрэг Холливудын жүжигчид тоглосон бөгөөд тус кино ХБНГУ-д зохиогдож байгаа 75 дахь удаагийн Берлины олон улсын кино фестивальд өнгөрсөн сарын 15-нд, Өмнөд Солонгос улсад 2-р сарын 28-нд, АНУ-ын кино театруудад энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн юм.
“Mickey 17” кино Хойд Америкийн кино театруудаас нээгдсэн долоо хоногтоо 19.1 сая ам.долларын орлого олсон бол олон улсын кино театруудаас 34.2 сая ам.долларын орлого олж, нийт 53.3 сая ам.долларыг нээлтийн эхний долоо хоногтоо кино театрын тасалбар борлуулалтаас олоод байна.
Тус кино нийт 118 сая ам.долларын өртгөөр бүтсэнээс гадна киноны маркетинг, сурталчилгаанд мөн олон сая ам.долларыг зарцуулаад байгаа юм.
Харин кино шүүмжлэгчдийн зүгээс “Mickey 17” кино төсөөлснөөс доогуур үнэлгээг аваад байна. Ялангуяа Бон Жүн-хо найруулагчийн өмнөх уран бүтээлүүдтэй харьцуулахад харьцангуй доогуур үнэлгээг кино шүүмжлэгчид өглөө. Кино салбарын зах зээлийн судалгааны CinemaScore компанийн зүгээс тус кинонд “B” үнэлгээ өгсөн бол Rotten Tomatoes вебсайтын шүүмжлэгчид 79%, үзэгчид 73%-ийн үнэлгээ өгсөн байна.
Шүүмжлэгчдийн ийм доогуур үнэлгээ нь киноны цаашдын орлогод сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа бол Warner Brothers кино компанийн зүгээс ойрын хэдэн долоо хоногтоо “Mickey 17” кинотой өрсөлдөх хэмжээний томоохон бүтээл гарахгүй учраас ашиг орлогын тал дээр санаа зовохгүй байгаагаа мэдэгджээ.