Түймэр тавигчдад ямар шийтгэл оноох вэ


Малчид уйлж байна. Амьдаараа боодог болсон мал талаар нэг хөглөрч, 5 ханатай гэр юу ч үгүй болтлоо шатжээ. Энд айл, гэр байсныг гэрчлэх зуух, яндан, төмөр ор буурин дээрээ ёрдойно. Түймэрт нүд нь сохорсон хэдэн хонь энд тэнд майлж, дутуу үхсэн мал майлан, шатсан гэр, хуйхлагдсан малаа хараад хүүхдүүд уйлалдана. Харахад нүд халтирч, бодоход зүрх эмтэрнэ. Юу ч үгүй хоосон хоцорсондоо малчид харуусавч, өөрсдөө эсэн мэнд үлдсэндээ басхүү олзуурхана.  

27 жил мал дагасан ажлыг минь ганцхан өдөр галдчихлаа. Гэрээ ч шатаалаа. Ганц ч юм авч үлдэж чадсангүй. Өмссөн хувцастайгаа гарлаа. Гал нь ч мэдэгдэхгүй, шороо нь ч мэдэгдэхгүй юм нөмөрч ирээд хуйхалчихсан” хэмээн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын малчин Нэргүй ярьж байна. Малчин Батчулуун “2008 онд ханьтайгаа гэр бүл болоход 50 богтой байсан. Түүнээс хойш 700 гаруй болтол өсгөсөн. Энэ хөдөлмөр ганц өдрийн галанд дууслаа” хэмээн халаглаж сууна.

Гамшиг гэгч ийм гайтай. Хэлж ирдэггүй, хийсэж ирдгээ ч харуулав. Технологи хөгжиж, техник сайжирсан өнөө үед Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уурын хүрээлэн гамшгийн талаар боломжийнхоо хэрээр хэлдэг болсон. “Хүчтэй шуурга шуурна. Хуурайшилт ихэслээ. Ил задгай газарт гал бүү асаа. Хог битгий шатаа. Гал түймрээс сэрэмжил” гэх мэтээр байнга л хэлдэг. Яншаа эмгэн яншдагаараа яншиж байна гэж боддог юм уу, хүмүүс гал алдсаар, түймэр тавьсаар…  Ингээд харвал гамшиг хэлж ирдэг болсон. Гал түймэр, салхи шуурга, үер гээд олон гамшгийг олон нийтэд урьдчилан хэлдэг, сэрэмжлүүлдэг болсон. Гэвч хүмүүсийн чих хатуу, ой санамж тааруу байна.  

Хөлөнбуйр суманд энэ түймэр Баян-Овоо сумаас орж иржээ. Баян-Овоо сумын нэгэн айл цогтой үнсээ ил асгасны улмаас гал алдаж, түймэр тавьсан байна.

Дорнод аймгийн төв өчигдөр түймэрт бүслэгдчихсэн, Хэрлэн сумыг тойроод 5 түймэр дүрэлзэж байлаа. 3 дугаар сарын 10-нд Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт сум түймэртэй байв. 4 аймгийн 11 суманд ой, хээрийн 11 түймэр гарна гэдэг аймшиг. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумын түймрийг бүрэн унтрааж чадаагүй, цурманд оруулаад байна.

Эдгээр түймэрт 170 орчим мянган га талбай шатаж, 38 гэр, 4 чингэлэг, 4 машин, 2 мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3500-гаад боодол өвс шатжээ.  

Түймрийн шалтгаан, урьдчилсан байдлаар

  • 4 буюу 28.5% нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс гарсан,
  • 2 буюу 14.2% нь гэрийн яндангаас үүссэн,
  • 2 буюу 14.2% нь ил гал асаасны улмаас гарсан,
  • 6 буюу 43.1% нь шалтгаан тогтоогдоогүй байна.

Шалтгаан нь одоогоор тодорхой болоогүй байгаа 6 түймрээс бусад нь бүгд хүний буруугаас болж гарчээ. 8 түймэр гарахгүй байх боломж байсан гэсэн үг. Дорнодын Булган, Чойбалсан, аймгийн төвд сумын хогийн цэгээс гал алдсан бол 1 нь айлын өвөлжөө, бууцаа зориуд шатаасан байх юм. Дорнодын Булган сумын Баян-Уул багийн Үүдийнжаран гэдэг газарт 3-р сарын 6-нд хүмүүс хог шатааж байгаад, гал алдаж, 7500 га талбайг галджээ.

Дорнодын Булган сумын хогийн цэгээс алдсан түймэр зүүн 3 аймгийн 7 сумыг хамарч, Дорнод аймгийн Матад сумын айлуудад 5-8 км зайтай тулж очсон байна.

Эрүүгийн тухай хууль: 24-р бүлэг. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг

24.7 дугаар зүйл.Ой, хээрийн түймэр тавих

1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол 1-5 хорих ял шийтгэнэ.

2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол 2-8 хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас:

3.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;

3.2.их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зөрчлийн тухай хууль.  7.9 дүгээр зүйл. Ойн тухай хууль зөрчих

2.1.түймэр;
7.Ойн сан бүхий газарт гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Түймрийн аюултай үед:
8.1.ой, хээрийн бүс нутагт өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлсэн;
8.2.мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэсэн;
8.3.шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан;
8.4.тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Гэрээний дагуу ашиглалт явуулж байгаа газарт түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм, нормативын дагуу бүрдүүлээгүй, эсхүл түймэр гарсан үед тэдгээрийг ашиглахад бэлэн байлгаагүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *