Салбартаа тэргүүлэгч Apple компанийн ухаалаг бугуйн цагны борлуулалт буурч эхэлсэнтэй холбоотойгоор дэлхийн ухаалаг бугуйн цагны худалдаа анх удаа унасан үзүүлэлттэй гарсан талаар зах зээлийн судалгааны Counterpoint компанийн зүгээс гаргасан тайланд онцлоод байна.
Өнгөрөгч 2024 онд өмнөх онтой нь харьцуулахад дэлхийн бугуйн цагны худалдаа 7 хувиар буурсан байна. Түүнчлэн Apple-ийн ухаалаг цагнуудын борлуулалтын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 19 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Ийнхүү худалдааны үзүүлэлт буурсан шалтгааныг Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн сонирхлыг татсан шинэ содон нэмэлтгүйгээс гадна хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан Ultra 3 загварын ухаалаг бугуйн цаг худалдаанд гараагүй явдалтай холбон тайлбарласан байна. Мөн Apple-ийн ухаалаг цагны хүний биеийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ түвшинг хянадаг технологийн патентын маргаан үүссэн явдал нь 2024 оны эхний улирлын борлуулалт буурахад нөлөөлснийг онцолжээ.
Харин эсрэгээрээ өнгөрсөн жил Xiaomi, Huawei, Imoo зэрэг Хятадад үйлдвэрлэсэн ухаалаг бугуйн цагны борлуулалт огцом өсөлттэй гарсан байна. 2024 онд Хятадын ухаалаг цагны худалдааны хэмжээ өмнөх онтой харьцуулахад 25 хувиар өссөн нь Энэтхэг болон Хойд Америкийн бүс нутгийн худалдааны хэмжээг анх удаагаа давж гарсан тохиолдол болсныг Counterpoint онцолсон байна. Түүнчлэн Хятадын брэнд компаниуд нэгэн шинэ чиг хандлагыг 2024 онд гаргаж ирсэн хүүхэд, багачуудад зориулсан ухаалаг бугуйн цаг байсан бөгөөд Хятадад “Бяцхан сод ухаантан” гэдэг нэрээрээ алдаршсан Imoo брэндийн хүүхдийн ухаалаг цагны борлуулалт өнгөрсөн жил 22 хувиар нэмэгджээ.
Харин Хятадад өнгөрсөн жил ухаалаг бугуйн цагны борлуулалтаараа тэргүүлсэн компани Xiaomi байсан ба тус компанийн Smart Band загварын ухаалаг цагны борлуулалт 135 хувийн өсөлттэй гарсан байна.
Ухаалаг бугуйн цагны олон улсын худалдааны хэмжээ өнгөрсөн онд буурахад томоохон нөлөө үзүүлсэн улс Энэтхэг байжээ. Энэтхэгт өмнө нь хэт хямд үнэтэй ухаалаг бугуйн цагны худалдааны хэмжээ огцом өсөж байсан нь буурсны улмаас 2023 онд 30 хувьтай байсан өсөлт 2024 онд 23 хувь болж буурсан байна.
Counterpoint судалгааны компанийн зүгээс 2025 онд дэлхийн ухаалаг бугуйн цагны зах зээл хиймэл оюуны болон хүний биеийн эрүүл мэндийн үзүүлэлтийн технологи зэрэг шинэ нэмэлтүүдийг оруулж өгсөн тохиолдолд худалдааны хэмжээ бага зэргийн буюу нэг оронтой тооны хувь хэмжээгээрээ өсөлт үзүүлэх боломжтой хэмээн тайлангийн төгсгөлд тодотгосон байна.