УОК-ын шуурхай ажлын хэсэг Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өнөөдөр /2025.03.12/ ажиллаж байна. Тус сумын Сүмбэр багт гарсан түймрийн улмаас нийт 30.800 га газар шатаж, урьдчилсан байдлаар 5 айлын 7 гэр, 5 саравч, 4 хашаа, 1 өрхийн 300 гаруй мал үрэгджээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар гал түймэрт өртсөн айл өрхүүдэд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлснийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүлээлгэн өглөө.

Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Баян-Овоо суманд гарсан түймрийг онцгой байдлын албан хаагчид, нутгийн иргэдийн хамт бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар идэвхтэй гал түймрийн голомт байхгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Одоогоор түймэрт өртсөн талбай, айл өрхүүдийн болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Мөн гал түймэрт өртсөн айл өрхөд СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө өглөө.
