Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан тушаалын дагуу баривчлагдсан Филиппинийн экс-ерөнхийлөгч Р.Дутертег Гаага хотод хүргэх онгоцонд суулган, Манилагаас хөөргөсөн байна.
Түүнийг хар тамхины эсрэг дайн зарлах нэрээр олон мянган хүнийг хөнөөж, хүн төрөлхтний эсрэг гэмт үйлдсэн хэмээн буруутгаж, шүүхээр болоод байгаа юм.
Өдгөө 79 настай Р.Дутертег орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө Хонконгоос Манилагийн олон улсын нисэх онгоцны буудалд буухад нь баривчилсан бөгөөд баривчилснаас хэдхэн цагийн дараагаар түүнийг Олон улсын эрүүгийн шүүх байрладаг Нидерландын Гаага хотод хүргэх тусгай үүргийн онгоцонд суулгасан байна.
Экс-ерөнхийлөгчийг баривчилж, Гаага руу илгээсэн явдлын талаар Филиппин улсын одоогийн ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор хэлэхдээ, Интерполоос тавьсан хүсэлтийн дагуу тус улс хууль ёсны дагуу хүлээсэн үүргээ л биелүүлсэн гэжээ.
Родриго Дутертегийн охин Сара Дутерте эцгийгээ Гаагад хүргэхэд нь дагалдаж явна гэдгээ мэдэгдсэн бөгөөд Филиппин улсын дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг Сара Дутерте нь ерөнхийлөгч Фердинанд Маркосын улс төрийн өрсөлдөгч юм. Тэрээр эцгийг нь баривчлан Олон улсын шүүхэд хүргэж байгаа явдлыг улс төрийн хяхалт, хавчлага хэмээн мэдэгдсэн байна.
2022 оны сонгуулиар Дутерте болон Маркосын гэр бүлийнхэн хамтран эвссэнээр Фердинанд Маркос Жуниор ерөнхийлөгч, Сара Дутерте дэд ерөнхийлөгчийн албанд очсон байдаг ч тэдний харилцаа сүүлийн саруудад муудсаны дараагаар Филиппинийн одоогийн ерөнхийлөгч байр сууриа өөрчлөөд байгаа ажээ.
Харин Р.Дутерте өмнө нь хотын даргын алба хашиж байсан Давао хотын даргын сонгуульд дахин нэр дэвших зорилгоор Хонконгд амьдардаг филиппинчүүдтэй уулзаад нутагтаа эргэж ирэх үедээ ийнхүү баривчлагдан, Гаага хотод хүргэгдээд байна.
Эргэн сануулахад Р.Дутертегийн явуулсан хар тамхины эсрэг тэмцлийн үеэр 6000 гаруй хар тамхины наймаачид, донтогчид болон бусад холбогдох хүмүүсийг цагдаа нар хөнөөсөн байдаг бөгөөд ямар ч шүүх үйл ажиллагаагүй шууд амь насыг нь хороож байсан байдаг.
Р.Дутертег баривчилсны дараахан түүнийг ОУЭШ-д хүлээлгэж өгөхгүй байх зорилгоор Филиппинийн Дээд шүүхэд түүний нэрийн өмнөөс хүсэлт гаргасан байна. Р.Дутертег дэмжигчид ч мөн Манилагийн нисэх онгоцны буудалд жагсч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин түүний явуулсан хядлагын үеэр гэр бүлийн гишүүдээ алдсан хүмүүс, хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүд Дутертег баривчилсан явдлыг “түүхэн үйл явдал” боллоо хэмээн тодорхойлсон байна.