АНУ-ын Коннектикут мужийн Уотербури хотын оршин суугч нэгэн эрэгтэй хойд эхийнхээ гэрт гал тавьснаар олзноос аврагдсан талаар тус хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна.
32 настай тэрхүү эрэгтэй нь өөрийгөө хойд ээжийнхээ гэрт 20 жил хоригдож амьдарсан, хойд эх нь түүнийг 6.7 метр шоо дөрвөлжин талбай бүхий жижиг өрөөнд хорьж байсан хэмээн цагдаа нарт мэдүүлжээ.
Тэрээр олзноос аврагдахын тулд өрөөндөө гал тавьж, улмаар гал сөнөөх албаныхан ирснээр түүнийг аварсан байна. Тухайн эрэгтэй 32 настай боловч ердөө 30-хан кг жинтэй бөгөөд түүнийг галаас аварсны дараа угаарын хордлогын эсрэг эмчилгээ үзүүлсэн байна.
Мэдүүлэг авах үеэр тухайн эр эрх чөлөөнийхөө төлөө гал тавьсан гэж мэдэгдсэн бөгөөд хэдийгээр амиа алдах эрсдэлтэй гэдгээ мэдэж байсан ч эрх чөлөөтэй болохын тулд гар ариутгагч, цаас, асаагуур ашиглан гал тавьсан болохыг прокурорын зүгээс лхагва гарагт мэдэгджээ. Түүнд олон жилийн турш өдөр бүр нэг хачиртай талх, хоёр жижиг савтай ус өгч байснаас гадна хойд эхийнхээ хараа хяналтан дор өдөрт 2-хон цаг гадаа гардаг байжээ. Мөн түүнийг ойролцоогоор 11 настайгаасаа хойш хоригдсон, хоригдох хугацаандаа нэг ч удаа эрүүл мэндийн болон шүдний үзлэг туслалцаа авч байгаагүй болохыг цагдаагийн газраас мэдэгдсэн байна.
Галыг өнгөрөгч 2-р сарын 17-ны өдөр тавьсан бол хохирогч эрэгтэйн хойд эхийг энэ долоо хоногийн лхагва гарагт цагдаа нар баривчилсан байна.
Хохирогч эрийн хойд эх болох 56 настай Кимберли Салливан гэгч нь хүүгийнхээ цагдаад мэдүүлсэн олон жил хорьж, өлсгөж, тарчлаан зовоож байсан гэх мэдүүлгийг үгүйсгэсэн бол цагдаа нар түүнийг хүн хулгайлсан, хорьж тарчлаасан хэргээр баривчлаад байгаа ажээ. Хатагтай Салливаны өмгөөлөгч мөн түүний талаар худал мэдүүлж, гүтгэж байна хэмээн мэдэгджээ. Гал гарах үеэр Кимберли Салливан байшинд байсан ч гал сөнөөх баг, түргэн тусламж, цагдаа нартай юу ч яриагүй байна.